
Энэ сарын 29-ний өдөр “Цахимаар мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 39 настай эрэгтэй Ч мөрийтэй тоглоом тоглуулдаг апплейкшнаар цахим мөрийтэй тоглоом /покер/ тоглож, 80 сая төгрөг шилжүүлж залилуулсан байна.
Сүүлийн жилүүдэд иргэд цахим мөрийтэй тоглоом тоглож улмаар их хэмжээний мөнгөө алдах цаашлаад байр, машин гэх мэт эд зүйлээ алдах нь нэмэгдсэн. Цахим мөрийтэй тоглоом нь эхлээд бага мөнгөн дүнгээр хожуулж иргэдийг дахин тоглох сэдэл төрүүлдэг байна. Ингэснээр иргэд дахин дахин мөнгө шилжүүлж тоглож ингэснээр алдсан мөнгөө буцааж авах гэж улайрдаг байна. Улмаар мөрийтэй тоглоомд донтож эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдаж, зээл авч их хэмжээний өрөнд ордог бөгөөд үүний улмаас сэтгэл санаагаар унах, гэр бүл салах, амиа хорлох зэрэг эрсдэлд хүргэдэг гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Иймээс иргэд цахим орчинд явж буй худал зар мэдээлэлд хууртахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.






