
Тархины харвалтаас урьдчилан сэргийлэх дэлхийн өдрийг тохиолдуулан улсын 1, 2, 3-р эмнэлгийн харвалтын нийгэмлэгээс өнөөдөр /2025.10.30/ мэдээлэл өгөв. Монгол Улсад 2009 оноос хойш Тархины харвалтай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Харвалтын эсрэг өдрийг тохиолдуулан иргэд, олон нийтэд тархины харвалтын талаарх ойлголт, мэдээллийг Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан, Гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасгийн зөвлөх эмч Ж.Ариунаа, Хоёрдугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч Д.Уянга нар өгсөн юм.
Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан: Монгол Улс тархины харвалт өндөртэй орны тоонд ордог
-Харвалт бол дэлхий нийтэд хамгийн өндөр үзүүлэлтэй өвчин юм. Тиймээс хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байгаа гэж хэлж болно. Олон улсад харвалтын байгууллага бий. Тэрхүү олон улсын байгууллагатай хөл нийлүүлж алхаж, хамтдаа энэхүү өвчинтэй тэмцэх хэрэгтэй. Дэлхийд 11 сая хүн тархины харвалтаар өвчилж, үүний 50-иас дээш хувь буюу 6.2 хувь нь газар дээрээ харамсалтайгаар нас бардаг гэх судалгаа байдаг. Монгол Улс харвалт өндөртэй орны тоонд ордог. Иймд харвалтын эсрэг зайлшгүй тэмцэх ёстой юм. Харвалтын эсрэг байгууллага нь хэн нэгэн харвалт өгөх юм бол тухайн хүний амь нас минутаар тоологдоно гэх уриаг барьдаг. Хэрэв амжсан тохиолдолд амь насыг нь аврах бүрэн боломжтой гэж үздэг.
Харвалтад нөлөөлж буй хүчин зүйлийг 90 хувийг 10 гаруй хүчин зүйл эзэлж байна. Тэдгээрийг иргэдэд хураангуйлан хэлэх юм бол гурван зүйлийг анхаараасай гэж хүсч байна. Нэгт, эрүүл хооллолт, хоёрт, хөдөлгөөний дутагдал, гуравт, сэтгэл санааны тогтворгүй байдал нь харвалтад нөлөөлнө. Монголчуудын хувьд нэг талаараа махсаг ард түмэн учраас өөх тос ихтэй мах, махан бүтээгдэхүүн иддэг. Ялгарсан их холестериныг бүрэн шатаах хөдөлгөөн хийхгүй байгаа нь асуудал дагуулдаг учир энэ гурван зүйл дээр анхаарах ёстой юм.
Гуравдугаар төв эмнэлгийн эмч Ж.Ариунаа: Чихрийн шижин өвчин нь харвалтад нөлөөлж буй бөгөөд судас хатуурал, даралт, харвалтад хүргэж байна
-Харвалт үүсэх эрсдэлтэй өвчлөл гэж байгаа. Түүний хамгийн түрүүнд цусны даралт ордог. Энэхүү асуудал дээр эрүүл мэндийн салбар тэмцэж, үйл ажиллагаа явуулсны хүрээнд харьцангуй буурсан гэж хэлж болно. Үүнээс гадна эмийн хангамж сайжирсан бөгөөд хэрэглээ дээшилсэн хэрнээ харвалт хүн амын дунд өндөр хэвээр байна. Түүнчлэн, харвалт залуужиж, залуусын дунд түгээмэл гарах боллоо. Нэг талаараа эмчилгээ сайн хийгдэж байгаа ч эмнэлэгт хандах иргэн цөөн байгаа юм. Энэхүү асуудал дээр анхаарахаас гадна зүрхний өвчлөл, зүрхний хэм алдалт болон зүрхний титэм судасны хатуурал, зүрхэнд өгсөн өөрчлөлт, зүрхний хавхагийн эмгэгүүд болон архаг өвчний суурь харвалтад хүргэж байна. Нөгөөтэйгүүр, судасны хатуурал, тархины судасны хатуурал нь харвалтад нөлөө үзүүлж байна. Мөн чихрийн шижин өвчин анхаарлын төвд байгаа гэж хэлж болно. Чихрийн шижин өвчин нь гурван шалтгааны улмаас үүсдэг гэж хэлж болно. Чихрийн шижин өвчин нь харвалтад нөлөөлж байгаа бөгөөд судас хатуурал, даралт, харвалтад хүргэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






