
Бразилын цагдаа нарын гэмт бүлэглэлүүдийн эсрэг ажиллагааны үеэр багадаа 121 хүн амь үрэгджээ
Бразилын Рио-де-Жанейро хотод хар тамхины наймаа эрхэлдэг гэмт бүлэглэлийн эсрэг явуулсан цагдаагийн ажиллагааны үеэр багадаа 121 хүн амь үрэгджээ. Ажиллагаа явагдсан эхний өдөр 64 хүн тэдгээрийн дотор цагдаагийн 4 албан хаагч амь үрэгдсэн байна.
Цагдаагийн газар “Comando Vermelho” нэртэй гэмт бүлэглэлийн эсрэг ажиллагаагаа хоёр сар гаруйн турш бэлджээ. Уг ажиллагааны явцад уг гэмт бүлэглэлийн гишүүдийг ой руу урхидан оруулж, барьж авахыг төлөвлөсөн байжээ. Рио-де-Жанейро мужийн захирагч Клаудио Кастро ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дийлэнх нь гэмт хэрэгтнүүд байсныг онцолсон бол Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва хар тамхины наймааны эсрэг тэмцэлд цагдаагийн албан хаагчид болон гэмгүй иргэд эрсдэх ёсгүй гэдгийг онцолжээ.
Рио-де-Жанейро хотын Пенья дүүргийн оршин суугчид ойролцоох ойгоос олсон 70 гаруй иргэдийн цогцсыг цуглуулж, гудамжинд эгнүүлэн тавьсан байх бөгөөд амиа алдагсдын гэр бүл, ойр дотныхон нь цогцоснуудын дэргэд гашуудан, уйлж суугаа дүр зураг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн камерийн дуранд буужээ.
НҮБ болон аюулгүй байдлын мэргэжилтнүүд Бразилын цагдаагийн газрын уг ажиллагааг зэвсэгт хүчний ажиллагаатай зүйрлэн, уг ажиллагааны үеэр олон тооны хүн амь үрэгдсэн явдлыг буруушааж буйгаа илэрхийлсэн бол НҮБ-ын Хүний эрхийн комисс Бразилын эрх баригчдаас олон улсын хуульд заасан үүргийнхээ дагуу болсон явдлыг зохих ёсоор мөрдөн шалгахыг шаарджээ.
Цагдаагийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэн гэр бүлийн гишүүдийнх нь гар хөлийг нь уяж, нүүр болон хүзүү рүү нь хутгалсан эсвэл буудсан байсан, биед нь эрүүдэн шүүж, тамлан зовоосон байж болзошгүй ул мөр байсан талаар мэдүүлсэн аж.






