
Хонконг 2026 оноос олон нийтийн газар электрон тамхи татахыг хориглоно
БНХАУ-ын тусгай захиргааны бүс болох Хонконг 2026 оны 4-р сарын 30-наас олон нийтийн газар электрон тамхи татахыг хориглохоор болжээ. Уг журмыг зөрчсөн иргэнд 6 хүртэлх сараар хорих ял, 6400 ам.долларын торгууль ноогдуулах аж.
Хятадын эдийн засгийн төв Хонконг 2022 оны 4-р сараас электрон тамхины импорт, үйлдвэрлэл, борлуулалтыг хориглосон ба Хонконгийн удирдлагууд иргэдийн дундах тамхины хэрэглээг бууруулах зорилгоор шат дараалалтайгаар арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Хонконгийн Эрүүл мэндийн газрын дарга Ло Чунг Мау залуусын эрүүл мэндийг хамгаалахын тулд электрон тамхи болон электрон тамхины төхөөрөмжийн хэрэглээг хориглох цаг болсон хэмээн мэдэгджээ. Тэрээр эхний ээлжинд электрон тамхийг олон нийтийн газар татахыг хориглож, иргэд уг журамд дассаны дараагаар электрон тамхийг гадна дотногүй боломжтой бүх газарт хориглоно гэжээ.
2022 оны 4-р сараас хойш Хонконгийн хилээр электрон тамхи оруулахыг завдсан этгээдэд 7 хүртэлх жилийн хорих ял, 257 мянган ам.долларын торгууль ноогдуулж эхэлсэн байна. Түүнчлэн электрон тамхи борлуулсан, үйлдвэрлэсэн этгээдэд 6 хүртэлх сарын хорих ял, 6400 ам.долларын торгууль ноогдуулна гэж заажээ.
Хонконгийн Эрүүл мэндийн газрын дарга Ло Чунг Маугийн хэлснээр Хонконгийн залуус голчлон хууль бусаар борлуулж буй электрон тамхинуудаас худалдан авдаг ба электрон тамхины төхөөрөмжийг өөр бусад бодис, өвс зэргийг татахад ашигладаг байна. Тэдгээрийн хамгийн хортой бөгөөд аюултай нь этомидат хэмээх анагаах ухаанд мэс заслын мэдээгүйжүүлэг хийхэд ашигладаг бодис аж. ДЭМБ-ын мэдээлснээр 2024 онд дэлхийн 35 улс электрон тамхины худалдааг хоригложээ.






