
Вашингтон, Токио хоёр эрчим хүч, хиймэл оюун ухаан, чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Япон улсад хийсэн айлчлалын үр дүнд хоёр улс эрчим хүч, хиймэл оюун ухаан, чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллаж, Японы компаниуд дээрх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд 400 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохирчээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн Акасакагийн ордонд хийсэн уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Санаи Такаичи 2022 онд нас барсан Ерөнхий сайд агсан Шинзо Абэ Д.Трампыг маш ихээр хүндэлдэг байсныг удаа дараа онцолж, Ш.Абэ агсны гольфийн цохиур, Японы гольфийн спортын аварга Хидеки Мацүяамагийн гарын үсэгтэй гольфийн цүнх, алтаар бүрсэн гольфийн бөмбөг зэргийг АНУ-ын төрийн тэргүүнд бэлэглэжээ.
Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүнүүд өдрийн зоог барьсан ба өдрийн зоогийн үеэр зочид цагаан будаа, үхрийн мах болон Ерөнхий сайд Санаи Такаичигийн төрсөн нутаг болох Нара мужаас хураасан ногоотой хоол зооглосон аж.
Зоогийн үеэр Ерөнхий сайд С.Такаичи Д.Трампын 2019 онд Японд хийсэн айлчлалаас хойш Японы компаниудын АНУ-д оруулсан томоохон хөрөнгө оруулалтуудыг харуулсан газрын зургийг бэлэглэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын энэ удаагийн айлчлалын үр дүнд Mitsubishi Heavy Industrues, SoftBank, Hitachi, Murata Manufacturing, Panasonic зэрэг компаниуд АНУ-д хөрөнгө оруулахаар болсон байна. Түүнээс гадна Ерөнхийлөгч Д.Трамп Токио Вашингтоноос худалдан авах зэр зэвсгийнхээ тоог нэмэгдүүлж буй явдалд сайшаалтай хандаж буйгаа илэрхийлжээ.
Талууд чухал ашигт малтмал болон газрын ховор металлуудын салбар дахь Хятадын ноёрхлыг бууруулах зорилгоор чухал ашигт малтмал, ховор металуудын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна.
Айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Д.Трамп 1960-аад болон 70-аад онд хойд солонгосчуудад руу хулгайлагдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсанаас гадна Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гэргий Аки Абэтэй уулзсан байна. Энэ үеэр Аки Абэ Америкийн төрийн тэргүүнд том алтан үсгүүдээр PEACE буюу энх тайван гэж бичсэн зураг бэлэглэжээ. Айлчлалынхаа төгсгөлд АНУ-ын төрийн тэргүүн Ерөнхий сайд С.Такаичитай Ёкосүка дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазад зочилж, тус баазад алба хааж буй цэргүүдийн өмнө үг хэлсэн байна.
Ерөнхий сайд С.Такаичи Америкийн цэргүүдэд бүс нутгийг хамгаалахад тусалж байгаад талархаж буйгаа илэрхийлжээ.






