
Дарханы Төмөр замын архан талд уртаа гэгчийн хүйтэн нүхэн гарцаар гарах ахуйд Чулуутын 1-р хороо гэх газар бий. Худаг дээр хүүхдүүд оочирлон усаа авцгааж, хэдийнээ хэрэгцээнээс гарсан тээвэрчдийн буудал гэх газрын гадна нэвтрүүлгийн зочноо хүлээн зогсоно.
Намуухан салхитай үдэш, нар үүлэн цаагуур орох цагт бидний анхны уулзалт эхэлсэн юм.

Нүүр дүүрэн мишээсэн залуу нааш алхахад:
- Мөн үү
- Мөөн гэх харилцан яриагаар хүсэн хүлээсэн зочинтойгоо уулзлаа.
Ажлын хувцсаа ч сольж амжилгүй, гагнуурын очноос түр амсхийж гарч ирсэн энэ залууг Ч.Очирхүү гэдэг. Түүнийг олон хүн цахим орчинд “Oogii man home made” нэрээр танина. Бичлэг бүр нь “Ээе, сайн байцгаана уу. Oogii man нь өнөөдөр та бүхэндээ…” гэж эхлэх нь эчнээ олны чих, сэтгэлд наалдаж, гудамд таарвал хоолойгоор нь таньтлаа хоногшилт үүсгэжээ.
Хашаагаар нь ороход шинэхэн зүссэн мод, саяхан шүршсэн будгийн үнэр сэнхийж байв.
Амьдрал, хөдөлмөр зэрэг оршин буй энэ газар Б.Очирхүү “хүнээр заалгаагүй ч удам дамжсан уу гэлтэй аавынхаа гарын ур дүйг өвлөн, “гагнуур ч болтугай хийгээд сурчих” гэсэн сургаалаар тавилга хийж сурчээ.
Өдөр бүр зогсолтгүй хөдөлмөрлөж гутлын тавиур, ширээ, сандал, номын тавиур бүхнийг эхнээс нь урлаж, өөрийн гэсэн ертөнцөө алхам, алхмаар бүтээж буй.


Тавилга, контент хоёрынх нь замнал ижил цаг хугацаанд эхэлсэн бөгөөд “ямар ч ажлыг зугаатайгаар хийж болдог юм байна лээ” гэж огт ялархаж, ажилдаа түүртсэн шинжгүй ярина.
Яагаад Oogii man гэж нэрэ өгсөн бэ?
- Би ер нь дуулах авьяастай. Тэгээд “Авьяаслаг монголчууд” шоунд оролцох гээд нэрээ өгч байсан юм. Тэрнээс хойш энэ нэрээ ашиглаад л яваад байгаа.
Хүүх, тийм үү. Ямар дуу дуулж байсан юм бэ?
- Одоо тэр дуугаа мартчихжээ. Шалгаруулалтдаа тэнцээгүй болохоор бичлэг маань цацагдаагүй юм аа /инээв/.
Тэгвэл яагаад анх контент хийж эхлэх болсон бэ?
- Тогтмол хийдэг зүйлээсээ уйдах гээд байсан юм. Тэгээд тавилга ч гэсэн контент байж болох юм байна гээд өөрт зугаатай байдлаар бичлэгээ хийж эхэлсэн.
Түүний хийдэг бичлэг ёстой ганцхан л явна. Эхнээс нь дуустал алдаа мадаггүй дуржигнуулаад, тэр дор нь нийтэлдэг шахуу. Өөртөө “энийг яах уу, тэрийг яах уу” гэж асуудал үүсгэж стрессдэлгүйгээр аль болох бүхнийг болгоно, бүтээнэ гэж боддог зантай нь ч холбоотой байх.


Хашаанд нь түүний гараар бүтээгүй зүйл бараг үгүй. Шавар зуурагч, ажлын байраа томруулах шинэ граш, тог цахилгаан гээд…
Ингэж хичээж байсных нь хариуд үзэгчдээс нь түүнд ажлын тоног төхөөрөмж, гутал, урам зориг, итгэл найдвар бүхнийг өгч, “хэзээ ч энэ ажлаасаа шантрахгүй байх аа” гэх гэрлийг нь асааж өгчээ.
Түүний хэлэх дуртай үг: Монголчуудаа нэг нэгэндээ хайртай байгаарай


Нар бүрэн жаргаж, тэжээдэг хоёр тахиа нь донгодох үест бидний яриа дуусаж нүүр дүүрэн мишээсээр үдэж өгөв.
“Эндээс эхэлсэн бүх зүйл удахгүй илүү том болно” гэж тэр итгэж байгаа.Учир нь тэр боломжгүй зүйл гэж байхгүй гэдэгт чин үнэмшдэг хүн.
Дархан-Уул аймгийн хөрсөнд, гагнуурын оч дунд, “Oogii man home made” нэрийн дор нэгэн залуу өдөр бүр мөрөөдлөө гагнаж сууна.







