
92 настай Пол Бийя ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулснаа зарлажээ
Камеруны Ерөнхийлөгч 92 настай Пол Бийя ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Камеруны төрийн тэргүүнээр 8 дахь удаагаа ажиллахаар болжээ. Камерун улсын Үндсэн хуулийн шүүх өнгөрсөн даваа гарагт ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг албан ёсоор танилцуулжээ.
Ингэхдээ нэр дэвшигч Пол Бийя сонгогчдын 53.66 хувийн саналыг, харин өрсөлдөгч Исса Чирома Бакари 35.19 хувийн саналыг авсан хэмээн мэдэгджээ. Нэр дэвшигч Исса Чиромагийн хувьд өнгөрсөн долоо хоногт өөрийгөө сонгуульд ялалт байгуулсан хэмээн мэдэгдэж, өөр үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгч П.Бийя сонгуульд ялалт байгуулсан байж болзошгүй гэсэн мэдээ гарч эхэлснээс хойш Камеруны хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Дуала хотод жагсагчид болон цагдаа нар хоорондын мөргөлдөөний улмаас 4 хүн амь үрэгдсэн байна.
1983 онд анх Камеруны Ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хойш Пол Бийя улс төрийн сөрөг хүчнүүдийг нухчин дарж, нийгмийн үймээн самуун, эдийн засгийн тэгш бус байдал зэргийг ашиглан эрх мэдлийг гартаа авчээ.
2008 онд П.Бийя үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдсон хүн ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэг л удаа нэр дэвших эрхтэй гэсэн заалтыг өөрчилж, ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараа нэр дэвшиж, Камерун улсын төрийг сүүлийн 30-аад жил удирджээ.






