
Энэ сарын 22-ны өдөр “Ройтерс” агентлагаас Рио Тинто компани Хятадын төрийн мэдлийн “Чалко” компанийн эзэмшилд байдаг өөрийн 11 хувийн хувьцаагаа авахын тулд зарим улс орнуудад байдаг төслүүдээрээ солилцоо хийж магадгүй гэсэн мэдээг цацжээ.
Ингэхдээ Гвиней дэх төмрийн хүдрийн Симанду төсөл юм уу Монголын Оюутолгой төслийг өгч Рио Тинто дахь хятадуудын мэдлийн хувь хэмжээг буулгах төлөвлөгөө байж магадгүй талаар дурдсан байгаа юм. Энэ мэдээ маргаашнаас нь хэд хэдэн сайт, мэдээллийн сувгаар цацагдсан бөгөөд Ройтерс ингэж мэдээлжээ гэж иш татжээ.
Гэхдээ гадны сайтуудаар ингэж гардаг нь ч, бас Оюутолгойн асуудлаар хэлэлцээрийн ширээнд суух болохоор Рио Тинто Оюутолгойг хятадуудад өгөх нь гэсэн мэдээлэл түгдэг нь бидэнд огтоос шинэ биш юм. УИХ-д байгуулагдсан хяналтын түр хороо уйгагүй шахаж, Засгийн газар ч он дуусахаас өмнө гэрээ хийхээр яаравчилсных ирэх даваа гаригаас буюу аравдугаар сарын 27-нд зээлийн гэрээний хүүг буулгах, Онтрэгийн лицензийн асуудлаар Рио Тинтогийн төлөөлөлтэй хэлэлцээрт орохоор болсон билээ. Харин үүнээс хэдхэн хоногийн өмнө хуучны танил технологи ийн давтагдав.
Өмнө нь 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ийм агуулгатай мэдээ явж, айдас төрүүлж байгаад ардхан нь Дубайн гэрээ батлагдаж байсан. Дараа нь 2018, 2019, 2021 гээд ямар нэг байдлаар Оюутолгойн талаар гэрээ хэлэлцээр яригдах бүрийд энэ асуудал гадны хэвлэлээр яригдах, эсвэл манай улстөрчид, нөлөө бүхий хүмүүсийн амнаас гардаг байлаа.
Хятадын нөлөө бүхий хүмүүс сэм ирж, авах Оюу толгойтойгоо танилцаад буцжээ, хэрэв Рио Тинто Чалкод Оюутолгойг өгвөл бид хятадуудтай ярилцдаг болох нь, тэд бидний баялгийг мэддэг болох нь, хятадуудад бүр нэмж хувьцаанаасаа зарах нь гэх мэтээр мэдээлэл цувдаг.
Монголчуудад урд хөрш, хятадуудад газрын баялгаа өгч байснаас энэ хэдэн шаруудтайгаа учраа олоод байж байя гэсэн болгоомжлол төрүүлж өөрсдөдөө ашигтай байдал үүсгэдэг арга л даа. Гэхдээ нэг аргаа арай олон удаа ашиглаад байна уу даа.
Монголчууд өндөр хэмжээний гэрээ хэлэлцээрийн стратеги, арга барил мэдэхгүй, туршлага байхгүй ч хориод жил үзэлцсээр байгаад бас юм гадарлахтайгаа болсон улс. Дээрээс нь юм мэдэхгүй хүмүүс хуурч байгаа мэт нэг аргаа хэрэглээд байгааг захын хэн ч гадарлана.
“Нэг голын усанд хоёр орж болдоггүй” гэдэг шиг нэг агуулгатай энэ мэдээнд хууртдаг үе өнгөрсөн. Одоо монголчууд өөрсдөд нь яг ямар, ямар арга хэрэглэдэг гарын таван хуруу шигээ мэдэх болсон. Улстөрчдийг нь худалдан авдаг, хятадуудаар айлгадаг, өгөөж нь та нарынх илүү гээд эсрэгээрээ байдаг, эсвэл гарна орно гэж айлгадаг.
Гэхдээ бизнесийн зарчмаараа хоёр тал харилцан ашигтай, нэгэндээ хүндэтгэлтэй хандах тухай монголчууд ярьж байгаагаас өөрөөр муйхарлах зүйл байхгүй. Өөрсдийнх нь авах хувь хэмжээ хойшлогдсоор байдаг, үр шим нь ирдэггүй энэ гэрээний асуудлыг хэрхэн шийдэхийг 3.5 сая монголчууд анхааран ажиглаж байна.







rio- g hooj gargaya, lalriin luivarchid
rio- g hooj gargaya