
Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейн “La Libertad Avanza” нам өнгөрсөн ням гарагт болсон парламентын сонгуулийн дүнгээр нийт сонгогчдын 40.7 хувийг саналыг авч ялалт байгуулжээ.
Энэ удаагийн сонгуулийн ирц 68 хувьтай байсан нь өмнөх 2021 оны сонгуулийн 71.8 хувийн ирцэд хүрээгүй байна.
Сонгуулийн энэхүү үр дүн нь Х.Милейн Конгресс дахь байр суурийг бататгаж, эдийн засгийн шинэчлэлтийн бодлогоо үргэлжлүүлэх боломжийг олгох юм.
Энэ удаагийн сонгуулийн үр дүн Аргентины ард иргэд Ерөнхийлөгч Х.Милейн засаг захиргааны явуулж буй бодлогыг хэр зэрэг дэмжиж байгааг харуулна гэж олон улсын ажиглагчид онцолж байсан юм.
2023 онд Аргентины төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа Х.Милей төсвийн зардлыг огцом бууруулж, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах багц арга хэмжээнүүдийг авсан юм. Ингэснээр Аргентины засгийн газар ядуурлын түвшинг бууруулж, инфляцын өсөлтийг удаашруулж чадсан ч аргентинчуудын талаас илүү хувь нь цалингаараа зардлаа нөхөж чадахгүй байгаа нь мөн иргэдийн хэрэглээ буурч, зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдсэн болох нь судалгаагаар тогтоогдоод байгаа юм.
Х.Милейн засгийн газар парламент дахь байр сууриа бэхжүүлэх замаар тэтгэврийн, хөдөлмөрийн болон татварын шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа аж.
Сонгуулийн өмнө Аргентины засгийн газар АНУ-аас санхүүгийн тусламж дэмжлэг хүссэн ба АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Аргентинд 40 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ хэмээн амласан бол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Х.Милейн нам сонгуульд ялагдвал Вашингтоны Аргентинд үзүүлэх санхүүгийн дэмжлэг өгөөмөр байхгүй гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Financial Times






