
Хятадын Кибер орчны алба нийгмийн сүлжээн дэх худал мэдээлэлтэй тэмцэх үүднээс нийгмийн сүлжээгээрээ анагаах ухаан, хууль эрх зүй, боловсрол, санхүү эдийн засгийн салбартай холбоотой сэдвээр контент цацдаг инфлүүсэрүүдээс тухайн салбартаа мэргэшсэн байхыг шаардахаар болжээ.
Эрх баригчдын зүгээс контент бүтээгчдэд хоёр сарын хугацаа өгөөд байгаа ба энэ хугацаанд тэд анагаах ухаан, хууль эрх зүй, боловсрол, санхүү эдийн засагтай холбоотой контент бэлтгэхэд шаардлагатай эрдэм мэдлэгтэй гэдгээ батлах үүднээс тухайн салбарынхаа боловсролын сертификат, диплом, үнэмлэх зэргээ шалгуулах аж.
Түүнчлэн мэдээллийн ил тод, аюулгүй байдлыг хангах үүднээс контент бүтээгчдэд мэдээллийнхээ эх сурвалжийг дурдаж, контентэд нь хэтрүүлэг эсвэл хиймэл оюун ухаан ашиглаж оруулсан элементүүд байгаа эсэхийг тодорхой заахыг үүрэг болгожээ.
Хятадын Douyin, Bilibili, Weibo зэрэг нийгмийн сүлжээнүүд платформоор нь дамжуулан контентээ цацдаг инфлүүсерүүдийн диплом, сертификат, мэргэжлийн үнэмлэх зэргийг шалгах, давхар тухайн контентыг үзэж буй хэрэглэгчдэд эрх үүргийг нь сануулах үүрэгтэй болжээ.
Хятадын Кибер орчны албанаас мөн цахим сүлжээн дэх зар сурталчилгаануудад зохицуулалт хийж эхэлсэн ба нийгмийн сүлжээгээр эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн, цахимаар эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээ, эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн зэрэг эрүүл мэндтэй холбоотой бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахыг хоригложээ.
Эх сурвалж: Marketing eComers






