
Улс орон даяар сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяад 7 хоног өнгөрлөө.
Багш нар үндсэн цалингаас 2026 ондоо багтаан 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж буй. Харин төсөвт тийм мөнгө байхгүй гэж Засгийн газар гүрийж байгаа.
Өнгөрсөн лхагва гарагт (2025.10.22) Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нартай уулзахад,
– 2026.01.01-ээс 20%
– 2026.07.01-ээс 10%-аар нэмэгдүүлэх шийдлийг хэлсэн. Харин багш нар энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Өнөөдрөөс сурагчдын Бие даалтын 7 хоног дуусаж, танхимаар хичээл орох ёстой ч багш нарын ажил хаялт үргэлжилж байгаа тул хүүхдүүд гэртээ хүлээж байна.
Боловсролын сайд П.Наранбаяр өнгөрсөн баасан гарагт “Багш нартай хамтын хэлэлцээгээ хийх санал хүргүүлсэн ч үйлдвэрчний эвлэлийн байгууллага тодорхой хариу өгөхгүй байгаа. Бид ажлын хэсгээс байгуулаад, хэлэлцээ эхлэхэд бэлэн байгаа” хэмээн хэлсэн.
Ням гарагт Боловсролын сайд цахим хуудсаараа дамжуулан багш нарын цалинг 2026 онд 70% нэмж, 2028 онд л 3.5 саяд хүргэх боломжтой гэж мэдэгдлээ.
Харин үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс “яамнаас ирүүлсэн бичигт багш нарын цалинг ямар арга замаар нэмэгдүүлэх, хэрхэн шаардаж буй түвшинд хүргэх ямар ч тооцоолоогүй бичиг ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ илэрхийлжээ.
Ингээд талуудын хүсэл эрмэлзэл нэг цэгт огтлолцохгүй, багш нарын ажил хаялт үргэлжилж, сурагчид, хүүхэд багачууд танхимын сургалтгүй, гэртээ өнжих болж байна.
Улсын хэмжээнд 598 байгууллагын 32 мянган багш ажил хаялтад нэгдэсэн байна. Энэ тоо өдөр өдөрт нэмэгдэж байгаа.
Тэд үндсэн цалингаа 3 сая 500 мянга хүртлээ ажил хаялт, тэмцэл хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.
Боловсролын яамнаас ирүүлсэн хэлэлцээний эхний төсөл дээр Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооноос цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар томьёоллоо хүргүүлжээ.
Ингэхдээ,
– 2026.01.01-ээс 3 сая төгрөг
-2026.07.01-ээс 3.5 сая төгрөгт хүргэх асуудлыг шийдвэрлэх юм бол ажил хаялтаа зогсоох болон хэлэлцээ эхлэхэд бэлэн байна гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
11 дүгээр сарын 15-нд багтаан УИХ-аас Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийг батлах учиртай. Засгийн газар, УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгүүдэд Багш нарын цалинг нэмэх хувилбар олох, харилцан тохиролцох багахан хугацаа үлдлээ.
Хамгийн чухал нь хүүхэд багачууд хичээл, сургалтаа хүлээж гэртээ өнжиж хоцрогдолд орох, бүр цаашлаад эрүүл мэнд, аюулгүй байдалд нь эрсдэл үүссээр байгааг талууд ойлгож, хэлэлцээ, санал нэгтгэхэд цаг тун бага байгааг санаарай.






