
Финляндын боловсролын тогтолцоо нь сурагчдынхаа эрүүл мэнд, бүтээлч сэтгэлгээ, бие даасан байдлыг нэн тэргүүнд тавьдгаараа алдартай билээ. Тогтмол шалгалт авч, олон цагаар хичээллэдэг боловсролын бусад тогтолцооноос ялгаатай нь Финляндын сургуулиуд тоон үнэлгээнээс илүү чанарыг эрхэмлэж, стрессгүйгээр сурах сонирхолтой орчныг бүрдүүлж өгдөг аж.
Энд хичээл ихэнхдээ өглөөний 08:00-09:00 цагт эхлэх ба бусад орнууд шиг энд өглөөдөө хонх дуугарах, хүүхдүүд сандралдан гүйх үзэгдэл байхгүй бөгөөд сурагчид бага, ахлах анги гэлтгүй ихэнх нь ганцаараа алхаж эсвэл дугуй унан сургуульдаа ирнэ. Хүүхдүүдийг багаас нь биеийг нь даалгаж сургах нь Финляндын соёлын салшгүй нэг хэсэг юм.
Сургууль дээрээ ирээд сурагчид яарч сандралгүй гадуур гутлаа сольж, ангидаа орно. Дүрэмт хувцас гэж байхгүй учир хүүхдүүд өөрт тухтай хувцсаа өмсөн ирсэн байх ба ангийн уур амьсгал халуун дулаан, нөхөрсөг байна.
Сургуулийн зүгээс сурагч бүрт сурах бичиг, харандаа, өдрийн хоол зэргийг үнэгүй олгоно.
Хүүхдүүдэд математик, шашин судлал, нийгэм судлал, хүн орчин, финлянд болон швед хэл, гадаад хэл, түүх, иргэний ёс зүй, биологи, газар зүй, биеийн тамир, хөгжим, урлаг, гар урлалын хичээлүүд орох ба сурагчдад 9 настайгаас нь эхлэн гадаад хэлний хичээл орж эхэлдэг байна.
Хичээл 7 хоногийн 5 өдөр ордог ч бусад орнуудтай харьцуулахад финлянд хүүхдүүд сургууль дээрээ харьцангуй богино хугацааг өнгөрүүлдэг байна. Сурагчид 45 минут тутам 15 минутын завсарлага авах ба өдрийн хоолны завсарлага нь 30 минут үргэлжилдэг байна. 1, 2-р ангийнхан долоо хоногт дунджаар 19 хичээл үзэж, өдөрт дээд тал нь 5 цаг хичээллэдэг бол том ангийнхан нь дээд тал нь 7 цаг хичээллэдэг аж.
Финляндын сургуулиуд зөвхөн багш ярьж, сурагчид багшийн заасныг сонсож, заасан юмыг нь үг үсэггүй цээжлэх арга барилаас татгалзаж, харин сурагчдын юмыг тунгаан бодож, цаад учир шалтгааныг олох, олсон мэдлэгээ амьдрал дээр ашиглах чадварыг хөгжүүлэх дээр төвлөрдөг байна. Сурагчдын асуулт асуух, дүн шинжилгээ хийх, шийдэл олох чадварыг нь дэмжихийг илүүд үздэг аж.
Хүүхдүүд багаар ажиллаж, үзсэн хичээлээ өөрсдийн биеэр туршиж үздэг. Сурагчид ихэнхдээ багаар хуваагдаж хичээллэх ба энэ нь бусадтай санаа бодлоо хуваалцах, хамтдаа шийдэл олох чадваруудыг хөгжүүлэх ба энэ нь сурагчдад мэдлэгээ бататгахад нь төдийгүй цаашид багаар ажиллах, нийгмийн харилцаанд ороход нь тусалдаг аж.
Финляндын сургуулиудыг дижитал төхөөрөмжгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Энд ipad, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг садаа биш харин сурах хэрэгсэл гэж үзэн ухаалгаар зохистой хэрэглэдэг.
Тус улсын ерөнхий боловсролын сургуулиудад нэг ангид дунджаар 15-25 хүүхэд сурдаг нь багш хүүхэд бүрт анхаарал хандуулж, тулж ажиллах боломжийг олгодог.
Финляндад сурагчдад дүн тавих, сурагчдаас шалгалт авч үнэлнэ гэсэн зүйл байхгүй. Үүний оронд багш нар хийсэн ажиглалтаараа сурагчдынхаа ахиц дэвшлийг үнэлдэг ба сурагч ямар нэгэн байдлаар хичээлдээ муудах юм бол багш нар үүнийг нь ил зарлалгүйгээр өөртэй нь ярилцаж, хувь хүнд нь хүндэтгэлтэй хандаж тусламж дэмжлэг үзүүлэхийг хичээдэг аж.
Бусад улс орнуудтай харьцуулахад Финляндад сурагчид цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, жилийн турш завсарлагаанаараа гадаа тоглодог байна. Хөдөлгөөн нь суралцах чадварыг дээшлүүлдэг гэж үздэг учир багш нар сурагчдаа завсарлагаанаар гадаа гүйж, үсэрч харайж, тоглохыг уриалдаг аж.
Сурах нь гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг, амрах болон хоббигоо хөгжүүлэх цагнаас хумслах ёсгүй гэсэн зарчмын дагуу Финляндын сургуулиуд гэрт маш бага даалгавар өгдөг ба сурагчид ихэнхдээ гэрийн даалгавраа хичээл дээрээ хийгээд амждаг аж.
Эх сурвалж: Techclass






