
Тайландын хаан Маха Вачиралонгкорны ээж, Тайландын хаан агсан Пхумипон Адульядетагийн гэргий хатан эх Сирикит 93 насандаа таалал төгсжээ.
2012 онд харвалт өгснөөсөө хойш олон нийтийн өмнө гараагүй тэрээр хавсарсан эмгэгийн улмаас 2019 оноос хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Хатан эх Сирикит өөд болсонтой холбоотойгоор Тайландын хааны гэр бүлийн гишүүд нэг жилийн турш гашуудах аж. Хаан Маха Вачиралонгкорн ээжийнх нь шарилыг Ананда-Самакхом ордны гол танхимд байршуулж, ард иргэдэд түүнтэй салах ёс гүйцэтгэх боломжийг олгохыг үүрэг болгожээ.
Хатан эх Сирикитын нөхөр хаан Пхумипон Адульядета Тайландын хаан ширээнд хамгийн удаан суусан хаан юм. Тайланд улс хэмжээгүй эрхт хаант засгаас хэмжээт эрхт хаант засаг руу шилжих үед мэндэлсэн Сирикит Китиякарагийн аав Францад Тайланд улсын элчин сайдаар ажиллаж байсан ба Сирикит Парис хотод хөгжмийн боловсрол эзэмшиж байхдаа Тайландын ирээдүйн хаан Пхумипонтой танилцжээ.
1980 онд өгсөн ярилцлагадаа Сирикит хаан Пхумипон анхны болзоондоо 3 цаг хоцорч ирсэн учир түүнийг анхны харцаараа л үзэн ядсан хэмээн дурсаж байжээ.
Тэд 1950 оны 4-р сарын 28-нд буюу Пхумипоныг Тайландын хаан ширээнд залахаас 7 хоногийн өмнө гэрлэжээ.
Залуу хаан, хатан хоёр 1960-аад онд дэлхийг тойрон аялж, АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Айзенховер, Их Британийн Хатан хаан II Элизабет, рок’н’роллын хаан Элвис Пресли зэрэг олны танил хүмүүстэй уулзаж байсан ба энэ үед хатан Сирикит өөрийн гоо үзэсгэлэн, загварын мэдрэмжээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, “fashion icon” гэсэн нэрийг авчээ.
Хатан Сирикит Францын загвар зохион бүтээгч Пьер Балмэйнтэй 20 жилийн турш хамтран ажиллаж, П.Балмэйн хатан Сирикит зориулж Тайланд торгоор Тайланд уламжлалт хувцас болон Европын загварын чиг хандлагыг давхар шингээж өгсөн дэгжин тансаг хувцаснууд урлаж өгсөөр иржээ. Хатан Сирикит үүгээрээ Тайландын торгоны салбарыг дахин хөл дээрээ босоход тусалжээ.
Тэрээр хаан Пхумипонтой Тайландын хөдөө тосгодоор явж, ядууст зориулсан төсөл хөтөлбөрүүдийг санаачилж ирсэн бөгөөд 1976 оноос хойш түүний төрсөн өдрийг буюу 8-р сарын 12-ны өдрийг Эхчүүдийн өдрөөр тунхаглаж, бүх нийтийн амралтын өдөр болгожээ.
Хаан Пхумипол 2016 онд өөд болж, түүний хүү Маха Вачиралонгкорн 2019 онд Тайландын хаанаар өргөмжлөгдсөний дараа хатан Сирикитын хэргэм Хатан эх Сирикит болжээ.






