
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Москва АНУ болон өөр бусад гадны хүчний дарамтад хэзээ ч бөхийхгүй хэмээн мэдэгджээ.
Тэрээр АНУ-ын Сангийн яам Оросын газрын тосны “Роснефть”, “Лукойл” компаниудын эсрэг хориг тогтоосон нь олон улсын зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдэхэд нөлөөлнө хэмээн мэдэгджээ. Сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч В.Путин, “Эдийн засгийн талаас үүнд ямар ч сайн, таатай зүйл байхгүй. Гэхдээ бодитойгоор, мэргэжлийн талаас харах юм бол юу харагдах уу? АНУ өдөрт 13.5 сая орчим баррель олборлож, нэгт бичигдэж байгаа. Хоёрт 10 сая орчим баррелийн олборлолтоороо Саудын Араб, гуравт 9.5 сая орчим баррелийн олборлолтоороо ОХУ бичигдэж байгаа. Гэтэл АНУ өдөрт 20 сая орчим баррель газрын тос хэрэглэдэг. АНУ газрын тосныхоо тодорхой хэсгийг зардаг ч тэрнээсээ ч ихийг худалдан авдаг. Голчлон Канад улсаас авдаг. Харин Саудын Араб болон ОХУ-ын хувьд олборлосон газрын тосныхоо дийлэнхийг импортолдог. Зарим тоо нь алдаатай байж магадгүй гэхдээ бодит байдал нэг иймэрхүү л байгаа. Саудын Араб 9 сая орчим тонн, ОХУ 7.5 сая тонн нефть болон газрын тосны бүтээгдэхүүн экспортолдог. Тэгэхээр энэ хоёр улсын дэлхийн эрчим хүчний тэнцвэрт байдалд оруулж буй хувь нэмэр өндөр байгаа биз. Энэ нь худалдан авагчид төдийгүй үйлдвэрлэгчдийн эрх ашигт нийцэж байгаа. Энэ тэнцвэрт байдлыг алдагдуулах нь өөрөө болчимгүй үйлдэл юм.” хэмээн мэдэгджээ.
Түүний хэлснээр олон улсын зах зээл дээрх ОХУ-ын газрын тосны хэмжээг огцом бууруулах нь АНУ-ын шатахуун түгээх станцуудад бензины үнэ нэмэгдэхэд хүртэл нөлөөлөх аж.
АНУ-ын хориг нь Москваг дарамтлах гэсэн оролдлого бөгөөд ямар ч улс, ямар ч ард түмэн хэзээ ч, юуг ч дарамтан доор шийддэггүй гэдгийг тэрээр онцолжээ.
Вашингтон Украинд алсын зайн пуужин нийлүүлж болзошгүй тухайд Ерөнхийлөгч В.Путин ОХУ-д алсын зайн пуужингаар цохилт үзүүлсэн тохиолдолд Москва хариу хүчтэй цохилт үзүүлнэ хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters






