
Шунхлай групп ажилтнуудынхаа шинэ, инновацлаг санааг нээн хөгжүүлэх, бизнесийн шинэ боломжуудыг хэрэгжүүлэх зорилготой 100 сая төгрөгийн шагналын сан бүхий “SG Hackathon 2025” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Хакатоны хүрээнд Шунхлай группийн 20 гаруй компанийн 66 баг оролцож сар гаруйн турш инновациар амьсгалахын зэрэгцээ мэргэжлийн ментор багш нарын бизнес хөгжил, инновацын сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, группийн охин компаниуд хооронд хамтран ажиллах, синержи үүсгэх, шинэ санаагаа хамтран турших, хэрэгжүүлэх, олон талт хамтын ажиллагааны нягт соёлыг бүрдүүлж шилдэг төслүүдээ шалгарууллаа.
Ийнхүү “SG Hackathon 2025”-ын ялагчаар “Дижитал концепт” ХХК-ийн “AI Creative studio” багийн “Зүүд биелүүлэгч” төсөл тодорсон байна. Харин хоёрдугаар байрт “Зеро технологи” ХХК-ийн “SG Computer Vision Lab” багийн “Smart growth AI” төсөл, гуравдугаар байрт “Зеро технологи” ХХК-ийн KOI багийн “Go Orange” төсөл тус тус шалгарлаа.


Хэдийгээр шагналт байранд шалгараагүй ч цаашид хэрэгжүүлэх шаардлагатай, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой төслүүдийг тэмцээний шүүгч нар нэрлэсэн юм. Үүнд, “Эс Жи Инвестмент энд Секьюритис ҮЦК” ХХК-ийн BurzAI багийн “BurzAI” төсөл, “Шунхлай” ХХК-ийн “Orange AI” багийн “Your smart office companion” төсөл тус тус нэрлэгджээ.
“SG Hackathon 2025” нь шинэ, шилдэг санааг бизнес болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна группийн охин компаниудын ажилтнуудыг өөр хооронд нь танилцуулах, өөр өөр компаниудад ажилладаг хэдий ч нэг санаа сэтгэлээр баг болж хамтарч ажиллах боломжтой гэдгийг харуулахыг зорьсон юм.


Мөн хамтран ажилласан хамтын санхүүжилтийн платформ FUNDEA, СЭЗИС-ийн Энтрепренершип хөтөлбөрийн профессор, доктор Г.Батхуяг, болон ментор багш нартаа талархал илэрхийлье.








