
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНСУ-ын Кёнжү хотод 10-р сарын 31-нээс 11-р сарын 1-ний хооронд зохион байгуулагдах Ази Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы хүрээнд Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзахаар болсон талаар Цагаан ордноос мэдэгджээ.
Д.Трампын хувьд хамгийн сүүлд 2019 онд Си Жиньпинтэй уулзаж байсан ба БНСУ-д болох уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр 2 дахь удаагаа томилогдсоноосоо хойш Хятадын төрийн тэргүүнтэй биечлэн уулзсан анхны уулзалт болох аж. Хоёр орны төрийн тэргүүнүүд 2025 он гарснаас хойш багадаа 3 удаа утсаар ярилцсан ба хамгийн сүүлд талууд TikTok аппликейшний АНУ дахь үйл ажиллагааны талаар ярилцжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп гаалийн импортын татвар, худалдааны маргаан, фентанилын хууль бус наймаа зэрэг хоёр орны дунд үүссэн асуудлуудыг шийдвэрлэхэд Ерөнхийлөгч Си Жиньпинтэй биечлэн уулзах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа аж.
Тэрээр Бээжин газрын ховор металлын экспортын хязгаарлалтаа цуцлахгүй бол Вашингтон Хятадын импортын барааны татварыг ирэх сараас 100 хувиар нэмэгдүүлнэ хэмээн сүрдүүлээд байгаа юм.
Хятадын төрийн тэргүүнээс гадна Д.Трамп БНСУ-д хийх айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Япон болон Малайз улсад хийх айлчлалаараа шинээр томилогдсон Ерөнхий сайд Санаи Такаичи, Малайзын Ерөнхий сайд Анвар бин Ибрахим нартай уулзах аж.
Эх сурвалж: BBC






