
Манай улс өнөөдрийн байдлаар 476.3 мянган ахмад настантай. Тэд нийт хүн амын 11 хувийг эзэлдэг.
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган төгрөг болгох шаардлагыг тавьж байгаа. Мөн тэтгэврийн доод хэмжээг зөвхөн нэмэх нь шударга бус, 1 сая 500 мянган төгрөг буюу түүнээс дээш тэтгэвэр авч байгаа ахмадууд нэмэгдэлгүй хоцрох учиргүй гэх асуудлыг ч өргөдөлдөө дурдсан.
Ахмадын тэтгэврийг,
- 2018 онд 27 мянган төгрөгөөр,
- 2019 онд 29 мянган төгрөгөөр,
- 2020 онд 25-40 мянган төгрөгөөр,
- 2022 онд 15-43 хувь,
- 2023 онд 10-22 хувь,
- 2024 онд жигд 100 мянган төгрөгөөр,
- 2025 онд 6 хувиар тус тус нэмж байжээ.
- 2026 онд одоогийн төслөөр 6 хувиар нэмэх бөгөөд үүнд шаардлагатай 378 тэрбум төгрөгийг тусгаад байгаа.
УИХ-аас гарсан ажлын хэсгийн дүгнэлтээр бол ирэх онд өмнөх оны инфляцтай уялдуулан 6%-иар тэтгэвэр нэмнэ гэсэн тооцоолол буруу. Монголбанкны тооцооллоор бол 8,6%-иар нэмэгдүүлэх ёстой аж.
Төрийн ордны гадаа ахмадууд 40 гаруй хоног сууж, заримынх нь эрүүл мэнд муудсан тул ахмадууд харагдахаа болиод хэд хонолоо.
Одоогийн тэтгэврийн доод хэмжээ нь 689 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэх, халамжийн тэтгэврийн хэмжээ 397.500 төгрөг байгааг амьжиргааны баталгаажих доод түвшингээр буюу 495.400 төгрөгт хүргээд өгөөчээ хэмээн ахмадууд хүсэж байгаа юм.
Түүнчлэн тэтгэврээ барьцаалаад авдаг зээлийн хугацааг 36 сар болгон сунгаж, хүүг 12 хувь болгон бууруулаад өгөөчээ гэж ахмадууд төр, засагтаа хандсан нь өнөөдрийг хүртэл ямар ч шийдэлгүй.
Улс төрчид зөвхөн намын даргын суудлаа булаацалдаж, эцэстээ төрийн эрх мэдлээр тоглож, түүхэндээ анх удаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга 2-оо зэрэг огцруулаад аваад хаячихсан явж байна. Харамсалтай нь энэ хэрүүл нь тасрахгүй Үндсэн хуулийн цэц дээр ч үргэлжилж байгааг өнөөдөр та бид харлаа.






