
Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдсон Санаи Такаичи засгийн газрын гишүүдээ томилохдоо Либерал Ардчилсан намын гишүүн Сацүки Катаяамаг Сангийн сайдаар, Кими Онодаг Эдийн засгийн аюулгүй байдал, гадаад иргэдийн тал дээр баримтлах бодлогыг хариуцсан сайдаар тус тус томилжээ.

Ингэснээр Санаи Такаичигийн засгийн газар нийт 3 эмэгтэй сайдтай болсон байна. 2005 онд Японы парламентын доод танхимын сонгуульд ялалт байгуулж, улс төрийн карьераа эхлүүлж байсан Сацүки Катаяама Японы анхны эмэгтэй Сангийн сайд болж, 42 настай Кими Онода Санаи Такаичигийн засгийн газрын хамгийн залуу сайд болжээ. Кими Онода нь Америк аав, япон ээжтэй бөгөөд АНУ-д төржээ.
Тэрбээр 1 настайдаа Японд ирсэн ба Окаяама мужид өсч торнижээ.
Видео тоглоом хөгжүүлэгч компани болон Кита хотын зөвлөлд ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2016 онд парламентын дээд танхимын сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан аж. Кими Онода хууль бус цагаачид, гадаадын ажилчдын асуудалд нухацтай ханддаг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нэгэн гэдгээрээ алдартай аж.


Ерөнхий сайд Санаи Такаичи сонгуулийн кампанит ажлынхаа үеэр сайд нарын танхимд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг Скандинавын орнуудын засгийн газруудтай адил түвшинд аваачна хэмээн амлаж байсан ч түүний бүрдүүлсэн засгийн газрын 16 хувийг л эмэгтэйчүүд эзэлж байна.
Тэрбээр Мотеги Тошимицүг Гадаад харилцааны сайдаар, Хаяаши Ёшимасаг Дотоод хэргийн сайдаар, Коизүми Шинжирог Батлан хамгаалахын сайдаар, АНУ гаалийн импортын татварын асуудлаар зөвшилцөлд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Аказава Рёсэйг Худалдаа, аж үйлдвэрийн сайдаар тус тус томилсон ба түүний томилсон сайд нарын 10 нь засгийн газрын бүрэлдэхүүнд анх удаа багтаж байгаа аж.






