
АНУ-ын Сангийн яам Оросын газрын тосны хамгийн том компаниуд болох “Роснефть”, “Лукойл” компаниудын эсрэг хориг тогтоожээ.
Америкийн эрх баригчид ОХУ-ын талаас Украин дахь дайныг дуусгах эрмэлзэл байхгүй байгаа нь ийнхүү хориг тавих үндэслэл болсон хэмээн тайлбарлав.
Сангийн сайд Скотт Бессент,
“Аллагаа зогсоож, эвлэрч буйгаа зарлах цаг болсон гэж бодож байна. Ерөнхийлөгч В.Путин энэ утгагүй дайныг зогсоохоос татгалзсантай холбоотойгоор Сангийн яам Кремлийн дайны үйл ажиллагааг санхүүжүүлдэг Оросын газрын тосны хамгийн том хоёр компанийн эсрэг хориг тогтоож байна.” хэмээн мэдэгджээ.
Түүнээс гадна Америкийн хориг “Роснефть” компанийн 34 охин компанид ч үйлчлэх аж.
“Роснефть”, “Лукойл” хоёр өдөрт 3.1 сая баррель нефть экспортолдог ба “Роснефть” нь ОХУ-ын нийт газрын тосны 50 орчим хувийг дангаараа олборлодог байна.
ОХУ нь газрын тос болон байгалийн хийн экспортоор тэргүүлэгчдийн нэг бөгөөд Хятад, Энэтхэг болон Турк улсууд нь Оросын газрын тос, байгалийн хийн хамгийн том импортлогч орнууд юм.
Эх сурвалж: bbc.com






