
Улсаа удирдаж, ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх учиртай дарга нар сандал суудлын хэрүүл хийх зуур Монгол орон даяар Боловсролын салбарт ажилладаг багш, ажилчид цалин, хөлсөө нэмүүлэхийг шаардаж, ажил хаялтаа үргэлжлүүлж байна.
Нийслэлийн Ерөнрхий Боловсролын 69-р сургуулийн Биеийн тамирын багш Д.Мядагмаатай цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бид бүхэнд өөрийгөө танилцуулна уу?
-” Сайн байна уу? Намайг Д.Мядагмаа гэдэг. 69-р сургуульд биеийн тамирын багш хийдэг. Боловсролын салбарт нийт 29 жил ажиллаж байна.
-Өчигдөр холбогдох сайд дарга нар уулзалт хийж багш нарын цалинг 30 хүртэлх хувиар нэмнэ гэсэн шүү дээ. Энэ талаар таны байр суурь?
-Өчигдөр хийсэн мэдэгдлийг бүгд л харж сонирхлоо. Сайд дарга нарын ярьж буй цалингийн хэмжээг бүгд л сонслоо. Сайд нарын ярьж буй шиг тийм хэмжээний цалин авч буй багш байхгүй шүү дээ. Улсын сургуульд 20 гаруй жил ажилласан багш нар 3 сая 800 мянган төгрөгийн цалин авч байгаа гэж хэлэхийг сонсоод үнэхээр цочирдлоо. Миний сүүлийн арван сарын цалингийн задаргааг аваад үзэхэд илүү цаг байхгүй бусад нэмэгдэл хөлсөө авлаа гэж бодоход гар дээрээ 1 сая 980 мянган төгрөгийн цалин авч байна. Тэгэхэд дөнгөж орж ирж буй залуу багш нар маань үндсэн цалин нь 1 сая 480 мянган төгрөгийн цалин авч байна.
– Холбогдох дарга нарын зүгээс та бүхэнтэй ирж уулзсан уу?
-Одоогоор ирж уулзсан зүйл байхгүй байна. Бидний зүгээс Үйлдвэрчний эвлэлийн ажлын хэсгээс мэдээллээ аваад байж байна.
-Энэ долоо хоног “Бие даалтын долоо хоног” шүү дээ. Та бүхний ажил хаялт хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-Сайд, дарга нарын гаргах шийдвэрээс шалтгаална үнэхээр бидний тавьж буй шаардлагыг биелүүлээд бид бүгдийн цалинг 3 сая 500 мянга төгрөгт хүргэсэн тохиолдолд ажил хаялтаа зогсоох боломжтой. Харин 10-30 хувиар цалин нэмнэ гэж байгаа бидний зүгээс энэ тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй” гэлээ.








Багш бол робот биш!