
Өнгөрсөн мягмар гарагийн өглөөг Энэтхэгийн нийслэл Дели хотын оршин суугчид өтгөн утаагаар угтжээ.
Өнгөрсөн мягмар гарагт тус хотын агаарын чанарын индекс 500-г давж, ДЭМБ-ын зөвлөмжөөс 10 дахин өндөр гарсан ба хотын зарим хэсэгт PM2.5, PM10 нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ 1800-д хүрсэн нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс 15-20 дахин өндөр байжээ.
Дели хотын агаарын чанар огцом муудсан нь энэтхэгчүүдийн өргөнөөр тэмдэглэдэг Дивали буюу Гэрлийн баяртай холбоотой аж. Энэхүү баяраар энэтхэгчүүд салют буудуулж, лаа, чийдэн зэргийг асааж, зул өргөдөг ба энэ үеэр агаарт дэгдэх хортой тоосонцруудын хэмжээ 70 орчим хувиар нэмэгддэг нь тогтоогджээ.
Дели хотын агаарын бохирдлын асуудал сүүлийн 15 жил яригдаж байгаа ч нөхцөл байдал улам дордсоор байгаа юм. Дели хотын агаарын бохирдол олон шалтгаантай бөгөөд үүнд автомашины утаа, тоос шороо, барилгын ажлууд, хог хаягдлыг ил задгай шатаадаг явдал мөн хөрш Пунжаб, Харяна мужуудад фермерүүд жил бүрийн намар тариан талбайнуудаа шатаадаг явдал нөлөөлдөг байна.
Улирлын онцлогоос хамаарч агаарын хэм буурахтай зэрэгцэн эдгээр хорт утаа нь сарниж алга бололгүй Дели хотын агаарыг бохирдуулсаар байдаг аж. Дели хотын бүсэд амьдардаг 33 сая орчим хүн тогтмол хортой агаараар амьсгалснаар мэдрэлийн болон зүрх судасны, амьсгалын тогтолцооны өвчин эмгэгт өртөж, хавдраар өвчлөх нь нэмэгдэж байгаа ба агаарын бохирдлоос болж тус хотод жилд 10 мянган хүн цагаасаа эрт өөд болдог нь судалгаагаар тогтоогдсон билээ.
Эх сурвалж: theguardian.com








