
Шүүхээс 5 жилийн хорих ял сонссон Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози өнгөрсөн мягмар гарагаас Францын нийслэл Парис хотын өмнөд хэсэгт байрлах Ла Санте шоронд ялаа эдэлж эхэлжээ.
Тэрээр орчин цагийн түүхэнд шоронд ял эдэлсэн Францын анхны экс төрийн тэргүүн болж байгаа аж. Ерөнхийлөгч асан Н.Саркози цагдаагийн автомашинууд болон мотоциклуудаар хамгаалуулан мягмар гарагийн өглөө Ла Санте шоронд хүрэлцэн иржээ.
Түүнийг 2007 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа Ливийн удирдагч Муаммар Каддафигийн мөнгөөр хууль бусаар санхүүжүүлж, оронд нь Ливийн удирдагчийг дэмжихээр хуйвалдсан хэрэгт буруутай гэж үзэн, шүүхээс 5 жилийн хорих ял оноосон юм.
Н.Саркозиг Ла Санте шоронгийн VIP гэгддэг жигүүрт хорих ба уг жигүүрт бусад хоригдлуудын халдлагад өртөж болзошгүй хоригдлууд ял эдэлдэг аж. VIP жигүүрт голчлон улстөрчид, хууль сахиулах албанд өндөр албан тушаалыг хашиж байсан хүмүүс, хэт барууны үзэлт байгууллагууд эсвэл алан хядах бүлэглэлүүдийн гишүүдийг хорьдог аж.


Тус жигүүрт байрлах ганцаарчлан хорих камеруудад төмөр ор, матрасс, жижиг ширээ, хөргөгч, плитка, зурагт, шүршүүр, суултуур, угаалтуур болон зөвшөөрөгдсөн дугаарт дуудлага хийх утас байдаг аж.
Эх сурвалж: CNN







