
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор салбарын сайд танилцуулсан. Гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.
Г.Дамдинням:
“Бид зохиомол хомсдолын бэрхшээлтэй нүүр тулгараад байгаа. Ердийн үед одоо Улаанбаатарчууд 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Одоогийн байдлаар өдөрт 1800 тонныг нийлүүлээд байхад дугаарлалт ерөөсөө татрахгүй байгаа.
ОХУ манай нийт хэрэглээний 92%-ийг дангаараа хангадаг. 22 нефть боловсруулах үйлдвэр цохилтод өртсөн. Энэ нь тухайн улсын хүчин чадлын бараг 30-40% доголдолд орсон байна гэсэн мэдээлэл бий. ОХУ-д нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой Засгийн газраас нь он дуустал АИ92 бензин дээр хязгаарлалт тавьсан.
Монгол Улсын хувьд Засгийн газар хоорондын хэлэлцээртэй, бас хямд нөхцөлөөр бензин авах гэрээтэй байдаг учраас энэ гэрээнийхээ дагуу бид үндсэндээ 10 сард 58 мянган тонн АИ92 бензинийг зөвхөн Роснефть компаниас, үлдсэн хэсгийг нь Газпром болон БНХАУ–аас авахаар гэрээ хэлцлүүдээ хийгээд явж байна.
Бидний гол нийлүүлэлтийг хангадаг ААН болох Ангарскийн Нефть боловсруулах үйлдвэрийн жил болгон явагддаг ээлжит засвар 10 сарын 15-ны өдөр дууссан. Дууссанаас хойш үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч амжаагүй байгаа учраас бидэнд нийлүүлж байгаа бүтээгдэхүүний хэмжээ бас багасаад байгаа юм. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ–ын Ерөнхий сайдтай холбогдож байна. Одоо тээвэрлэлттэй холбоотой асуудлууд дээр нийлүүлэлтийг гэрээнийхээ дагуу биелүүлж өгөөч ээ гэдэг асуудлыг тавьж байгаа.
Одоогийн байдлаар нефтийн бүтээгдэхүүн тэр дундаа 92 бензиний нийлүүлэлт ердийн хэрэглээний түвшиндээ байгаа юм. Гол нь олон нийтдээ уриалахад сандарч тэвдэлгүй банкаа бүтэн дүүргээд байлгүй яг авдаг хэмжээгээрээ аваад яваач ээ гэж уриалмаар байгаа юм.
БНХАУ–аас бид нэг сардаа 3 мянга гаруй тонн евро 5 стандартын бензинийг авдаг энэ сард бид 7 мянгыг захиалсан. Гэвч энэ шокоос болж хүрэлцэхгүй талдаа орж байгаа учраас бид 14 мянган тонныг авахаар гэрээ хэлцлээ хийгээд яам болон ААН-үүд БНХАУ-д ажиллаж байна.
Өчигдөр БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж тээвэр ложистик болон худалдах асуудлууд дээр Петрочайна компанитай хэлцэл хийх талаар дэмжлэг бүрэн үзүүлнэ ээ гэдгээ илэрхийлсэн. ОХУ-ын элчин сайдтай өнөөдөр уулзаж байна.
Улсын нөөцийн бүрдүүлэлтэд нөөцийн сангаас 7,5 тэрбум төгрөгөөр улсын нөөцийг бүрдүүлэх шийдвэр гаргалаа.
2026 оны улсын төсөвт 25 тэрбум төгрөгийг нөөцийн сав бий болгох ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлийн татаас өгөх шийдвэрийг гаргалаа. Нөөцийн сав нэмэгдүүлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх чиглэлд тийм том хэмжээний арга хэмжээ ерөөсөө авагдаж байгаагүй. 3-6 сарын хугацааны нөөц одоо бүрдүүлэх зорилготой.
Урт хугацааны нефть боловсруулах үйлдвэр байгаа Алтанширээ суманд баригдаж байгаа үйлдвэр 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. 2027 онд энэ үйлдвэр ашиглалтад орно. 2027 онд үйлдвэр ашиглалтад ороход үндсэндээ 70%-ийн дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний хүчин чадалтай болох юм”






