
Улаанбаатар хотноо 2025 оны 10 дугаар сарын 20-21-нд Төв Азийн орнуудын оюутны спортын байгууллагын удирдах ажилтны олон улсын зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж буй.
Тус хурлыг Ази тивийн оюутны спортын холбоо, Олон улсын оюутны спортын холбоо, Монголын оюутны спортын холбооноос хамтран зохион байгуулж байна.
Хурлаар төв Азийн орнуудын оюутны спортын холбоодын үйл ажиллагааны тухай илтгэл, мэдээллийг сонсох бөгөөд тухайн бүс нутагт оюутны спорт хэрхэн хөгжиж байгаа, хүндрэл ба бэрхшээл, оюутны бие бялдрын хүмүүжил, оюутны дунд явагдаж байгаа биеийн тамир спортын арга хэмжээ, оюутны спортын амжилт, бүс нутгийн тамирчдын тив, дэлхийн тэмцээн, наадамд оролцох оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон талын асуудлыг хөндөн хэлэлцэж буй.



МОСХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бадамдаш: Зүүн Ази болон Төв Азийн холбоодын хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд манай Монгол Улсын хувьд зуучлагч чухал байр суурь эзэлж буйг хэлэхэд таатай байна.
-Анх удаагаа бид нар Азийн оюутны спортын холбооны хүрээнд Төв Азийн орнуудыг оролцуулсан өргөн хүрээтэй, алсын нэгдмэл зорилготой хэлэлцүүлэг семинарыг зохион байгуулж байна. Монголын Оюутын Спортын холбоо нь Олон улсад их идэвхтэй ажиллаж ирсэн. Төв Азийн орнуудын онцлог нь 1991 онд ЗХУ задарснаар бие дааж энэ байгууллагад элсээд тэр үеэс хойш аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа.
Тэгэхээр бидний хамгийн гол зорилго нь эдгээр орнуудад гаргасан амжилт туршлагыг хоорондоо солилцох, цаашдаа үйл ажиллагаагаа хэрхэн, яаж уялдуулах вэ, яаж хамтран хөгжүүлэх вэ гэдэг санал ярьж, хэлэлцэж байна. Цаашлаад Төв Азийн орнуудын оюутны спортын холбоо буюу дэд салбар холбоо байгуулъя гэдэг санал гаргаад, түүн дээрээ нэгдмэл байр суурьтай боллоо.
Төв Азийн орнууд сүүлийн үед эдийн засгийн хөгжлийн хувьд ч гэдэг юм уу илүү идэвхтэй болж байгаа. Сая хурлын илтгэлүүдээс харж байхад Төв Азийн орнуудын олимп болон оюутны спортын тэмцээнүүдэд оролцож буй идэвхи нэмээд дээрээс нь амжилтууд, медалийн тоо маш өсөлттэй нэмэгдсэн байна. Тэдний гаргаж байгаа санал санаачилгыг дэмжээд, мөн хөгжүүлж байгаа төслүүддэд бид оролцох боломжууд нээгдэнэ. Түүнээс гадна Зүүн Ази болон Төв Азийн холбоодын хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд манай Монгол Улсын хувьд зуучлагч чухал байр суурь эзэлж буйг хэлэхэд таатай байна.




Азийн Оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ситоу Чэн Фэйв: Монголын Оюутны спортын холбооны хамт олон Төв Азидаа нэлээд жин дарахуйц хэмжээний идэвхитэй ажилладаг
-Монголын Оюутны Спортын холбоо нь Ази тивдээ төдийгүй Олон улсдаа маш идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхийдөө Азийн болон Олон Улсын спортын холбооны цаашдын хөгжлийг маш сайн, идэвхтэй, чармайлттай, үр дүнтэй гэж миний хувьд, хувь хүнийхээ өнцгөөс харж байгаа. Өнөөдөр Монгол Улсад Төв Азийн оюутны холбооны төлөөлөл чуулж буй нь анхдагч бас гоё арга хэмжээ болж байна.
Азийн оюутны спортын холбооны хувьд Монголын оюутны спортын холбоо нь нэг гишүүн. Энэ утгаараа үйл ажиллагаагаа маш их идэвхтэй, буюу чармайлттай явуулдаг. Мөн Азийн оюутны спортын холбоо нь нийтдээ 5 төв бүсийн хамаарал буюу улс орны оюутны холбоодтой харилцаа, хамтын ажиллагаатай байдаг. Үүний нэг нь бол Төв Азид бид нар чиглэж байгаа.
Яагаад бид нар Төв Азид чиглэсэн юм бэ гэхээр үүнд Монгол оршдог. Монголын оюутны спортын холбоо энэ утгаараа харилцан хамтын ажиллагаандаа дэмжлэг үзүүлж ажилладаг юм. Иймээс бид үүнийг талархууштай хүлээн авч байгаа. Энэ ч утгаараа бид нар Дэлхийн оюутны спортын холбоо буюу FISU мөн хамтын ажиллагаа, цаашдын хөгжилд Азиас 5 бүс нутаг байвал түүнийг нэмэх байдлаар ийм бодлого явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.






