
Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дарга, ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэлтэй багш нарын ажил хаялттай холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Багш нар ажил хаяж буйтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-“Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний холбооноос улс орон даяар ажил хаялт өрнөж байгааг бүгд мэдэж байгаа байх. Үүнтэй холбогдуулаад нийтдээ гурав дахь хоног дээрээ ажил хаялт үргэлжилж байна. Улс орон даяар ажил хаялт өрнөж буй учраас багш нарын тоо нэмэгдэж байна. / 2025.10,20/-ны өдрийн 12 цагийн байдлаар орон нутаг, нийслэлийн 472 байгууллагын 26,085 алба багш, ажилчид ажил хаялтад нэгдсэн байна. Улс орон даяар багш, ажилчдын цалин, хөлс нийгмийн баталгааг сайжруулах тал дээр бүгд нэгдэж байгаа.
Бид бүхний ажил хаялт маань бидний тавьж буй асуудал шийдэгдтэл үргэлжилнэ. Ажил хаялт бие даалтын долоо хоногтой давхцаж байгаа энэ үе нь багш нарын хамгийн их ачаалалтай ажилладаг үе нь байдаг. Учир нь хүүхдүүдийн урлагийн наадам, спорт наадам гэх мэт соёл, хүмүүжлийн ажлууд бие даалтын долоо хоногт явагддаг.
Ажил хаялтад оролцож буй хүмүүсээс ямар нэг дарамт шахалт ирж байна гэсэн мэдээллүүд ирж байна. Бид бүхэн хуулийн хүрээнд ажил хаяж байгаа. Боловсрол шинжлэх улааны үйлдвэрчний холбоо 70 гаруй мянган гишүүнтэй, нийслэлийн хувьд 20 гаруй мянган гишүүнтэй байгууллага байдаг. Бид эдгээр гишүүдийгээ нэгийг нь ч үлдээлгүй бүгдийнх нь цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр шаардаад явж байгаа.
Бид бүхний ажил хаялтыг саармагжуулах оролдлогууд явагдаж байна. Зарим хэвлэл мэдээллийн сайтуудаар Боловсрол шинжлэх ухааны яам шүүхэд хандсан гэх мэт мэдээллүүд явж байна. Шүүхийн байгууллагаас бидэнд ямар нэгэн гомдол ирээгүй хэмээн мэдэгдсэн.
Бид бүгд өөрсдөө хурлаа хийгээд шийдвэрлэсэн асуудал. Бид улс төржиж Засгийн газрыг огцруулъя гэж хэлээгүй. 2026 оны төсөвт бидний цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотой нэг ч төгрөг тусгагдсангүй шүү дээ. Энэ байдлаас болоод нийт 5 мянга орчим хүний нөөцийн дутагдалд орж хөдөлмөрийн мөлжлөгт өртөөд байгаа энэ асуудлыг тавьсан болохоос ямар нэгэн байдлаар улс төржөөгүй шүү гэж хэлье.
-Та бүхний зүгээс тооцоолол гаргаж цалингаа 3 сая 500 мянга болгоё гэж байгаа байх. Засгийн газрын зүгээс тийм хэмжээнд цалин нэмэх боломжгүй гэсэн шүү дээ?
-Бид 2024 онд хамтын хэлэлцээр хийсэн энэ хэлэлцээрийн 3-ын 1 дээр багш нарын цалин хөлсийг жил бүр 30-аас доошгүй хувиар нэмнэ гэж заасан. Хэлэлцээрт туссан заалтаар явах юм бол цалинг 3 сая 500 мянгад хүргэх боломж бий. Бид 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс цалин, хөлсийг 3 сая 500 мянгад шууд хүргэ гэсэн шаардлага өгөөгүй. 2026 оны нэг сарын нэгнээс хэдэн хувиар нэмэгдэх юм цаашлаад үе шаттай нэмэгдүүлж 3.5 сая төгрөгийн цалин олгож эхлэх санал тавьж байгаа.
-Энэ долоо хоногт бие даалтын долоо хоног дуусна шүү дээ. Гэртэй үлдэж буй хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг яах вэ?
-Мэдээж тухайн асуудлыг Засгийн газар, боловсролын яам хариуцах ёстой яагаад гэвэл бид өчигдөр яриад өнөөдөр ажил хаялт зарлаагүй 2025 оны нэгдүгээр сарын 9-нд анхны шаардлагаа өгсөн гэтэл бидний шаардлагыг хүлээж авалгүй бүтэн жил болж байна. Хүүхдийн хичээлийн хоцрогдол гэхээсэй илүү хүнд нөхцөл байдалд орох нь” гэлээ.







багш нь багш шиг эмч нь эмч шиг байгаа бол одоо нэмэхээс яахав гэтэл багш нь сурагчаасаа илүү гарах юмгүй эмч нь нэг ламын хэмжээнд орон тоо бөглөөд сууцгааж байна