
“Нүдээ нээ, чихээ онгойлго. Би эмч болохоос гуйлгачин биш” хэмээн хашхирч төв талбайг гурав дахь өдрөө гороолж буй Эрүүл мэндийн салбарынхан. Өнөөдөр ч бас төв талбайд суултаа үргэлжлүүлэхээр гарч ирнэ. Тэд цалингаа 3.5 сая болгуулахыг шаардаж буй. Мөн эмнэлгийн ажилчдын нормын хувцсыг улсын төсөвт тусгуулах гэсэн шаардлагыг тавьж байна.
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа энэ талаар “Сүүлийн таван жил ажлын хувцас аваагүй эмнэлгүүд байна. Иж бүрэн нормын хувцас гэдэг ч нидэр дээрээ өмд, цамц л өгдөг. Өмсдөг углаашаа өөрсдийнхөө цалингаас авдаг. Бидний шаардлагуудыг биелүүлэхгүй бол дараагийн шатны тэмцэл буюу ажил хаяна” хэмээн ярьсан юм.
Харин “Альтернатив” эмнэлгийн захирал Б.Дамдинсүрэн “Залуучууд өнөөдөр бол өвдөөгүй байна. Тэтгэвэрт гарчхаад Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлсэн мөнгөөрөө эмчлүүлэх гэсэн чинь сан нь дампуурчихсан байна. Өчнөөн жил мөнгө төлчхөөд, эмнэлгээс тусламж, үйлчилгээ авахдаа халааснаасаа л мөнгө төлөх болчхоод байгаа байхгүй юу. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хувийн эмнэлгүүдэд долоон сараас хойш санхүүжилт өгөхгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын газар танил талаараа дамжуулан санхүүжилт өгдөг байдлаа зогсоогооч ээ” хэмээв.
Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн Их эмч Н.Мөнхбат “Төр засгаас бидний шаардлагыг хүлээн авч уулзсан юм алга. Ямартай ч Засгийн газар суултын эхний өдөр шаардах бичгээ хүргүүлсэн” гэлээ.







