
Одоогоос 19 жилийн өмнөх 10 дугаар сарын 19-ны өдөр Ш.Алтантуяа гэх эмэгтэй Малайз Улсад бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан билээ.
Хэрэг шийдэгдэхгүй хугацаа алдаж талийгаачийн аав С.Шаарийбуу охиныхоо хэргийн араас одоог хүртэл явсаар буй. Шийдэгдэхгүй удаж байсан хэрэг 2025.02.12-ны өдөр Малайзын Засгийн газар амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохирлыг яаралтай барагдуулах ёстой гэж тус улсын шүүх шийдвэрлэж байсан.
Тодруулбал, Малайзын Засгийн газарт 30 хоногийн дотор С.Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Мумати Муругиа /2025.02.12/ тушаасан байдаг. Гэвч энэ явдлаас хойш одоог хүртэл түүний гэр бүлд тус мөнгө ирээгүй байгаа юм.
Үүнтэй холбогдуулан өчигдөр /2025.10.19/ Serdaram Damdin гэх хүн өөрийн цахим хуудаснаа: Энд дарж харах
“Малайзын шүүхээс гаргасан шийдвэрийн мөнгийг нь УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд, Консулын газрын дарга Я.Ариунболд нар мөнгө авч, Гадаад харилцааны сайд Лувсанвандангийн Болд Малайзад буулт хийсэн нь Шүүхээс өвгөнд одоогоор ямар ч мөнгө ирээгүй байгаа. Лу.Болдын өрөөнд төмөр самаа хутга шиг харуулаад “одоо энд хоёулаа үхий” гээд ширээг тойрч хөөхөд “гэмт хүн гэлбэлзэнэ” гэдэг шиг нарийн бичгээрээ цагдаа, хамгаалалт, сэтгүүлчид дуудуулаагүй хулчганан зугтсан шуугиан нэг хэсэг гараад чимээгүй болсон” гэх агуулга бүхий мэдээллийг нийтэлсэн.
Харин тус нийтлэлд нэр дурдагдсан Гадаад харилцааны сайд асан Лувсандангийн Болд энэ талаар мэдэгдэл бичжээ: Энд дарж харах
“Сошиал ертөнцөд намайг хүний санаанд багтамгүй гэмт хэрэгт гүтгэж, хүний ёсноос гадуур гаж сэтгэлээр доромжлон гүтгэжээ. Ухамсартай бүх амьдралаа хүний эрхийн төлөө тэмцэлд зориулсан миний хувьд энэхүү аймшигт аллагын талаар өөрийн байр сууриа ямагт тодорхой илэрхийлж ирсэн. Монголын төр хохирсон иргэнийхээ төлөө арслан бар шиг арсалдах учиртай юм.
Миний зүгээс С.Шаарийбуу гуайг боломжийнхоо хэрээр дэмжиж төсөөлшгүй зовлонтой нөхцөлд үүрч байгаа ачааг нь нимгэлэхэд анхаарч, хүчин зүтгэж ирсэн нь бодит үнэн.
Монгол төрийн гарамгай зүтгэлтэн түүний гэгээн дурсгалыг санаж, би шүүхээр нэр төрөө албан ёсоор сэргээлгэх болно. Энэхүү увайгүй гүтгэлгийг түгээсэн Д.Сэрдарам гуай нотлох баримтуудаа шүүх дээр аваад очоорой.
Би нэг удаа Малайзад Олон улсын хүний эрхийн хуралд зориуд хувиараа очиж талийгаачийн амь насыг эрх баригчдаас нь нэхсэн. Цаазын ялын эсрэг хурал байсан бөгөөд, энэ хэргийн жишээн дээр цаазын ялаар халхавч болгож хуулийн цоорхойг ашиглаж байгааг анхааруулсан юм.
Малайзад алуурчинд цаазын ял оноосон бөгөөд түүнийгээ гүйцэтгэхийн оронд Австрали руу зугатах боломж өгч, чөлөөтэй байлгаж, ял завшиж байгааг тайлбарласан. Хэрэв тэр этгээд бүх насаар хоригдох ялтай байсан бол Австрали Улс гэмт хэрэгтнийг хүлээлгэн өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд тэр жигшүүрт этгээд зохих шийтгэлээ хүлээж, хэргийн эрүүгийн хуулийн процесс дуусгавар болж дараагийн шатны асуудлууд шийдэгдэх байсан. Энэ талаар намайг гэмт хэрэгтнийг хамгаалсан мэт баахан гүтгэж олон хүнийг төөрөгдүүлж улс төр хийж байсныг санаж байна.
Хохирогчийн мөнгийг завшсан, өрөөндөө барилцсан ч гэх шиг юу вэ, дотор муухайрчихлаа. Ингэж хүнийг гүтгэж болдог юм уу. С.Шаарийбуу гуайтай хамтдаа хэвлэлийн уулзалт хийхэд бэлэн байна” хэмээн тайлбар өгсөн юм.
Харин тус нийтлэлд нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Сүхбаатарын Батболд, Консулын газрын дарга асан Я.Ариунболд нар одоог хүртэл хариу тайлбар өгөөгүй байгаа юм.






