
УИХ-аар хэлэлцэгдэж буй 2026 оны Монгол Улсын нэгдсэн төсөв 31.6 их наяд төгрөгийн орлоготой, 24.1 их наяд төгрөгийн урсгал зардалтай байна.
Урсгал зардал гэдэг нь
– Цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл гэх зэрэг бараа үйлчилгээний зардлууд, зээлийн үйлчилгээний төлбөр, татаас ба шилжүүлэг нь урсгал зардалд орно.
– Хөрөнгө оруулалтын шинж чанартай буюу үйлдвэрлэлийг өргөтгөхөд чиглэсэн арга хэмжээнд төсвөөс зарцуулах хөрөнгө нь хөрөнгийн зардалд хамаарна.
Ингэхээр багш, эмч нар цалингаа, ахмадууд тэтгэврээ нэмүүлэхийн төлөө тэмцэж буй 2026 оны төсвийн зардлын хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл үүсэж байгаа юм.
2026 оны төсвийн орлогыг 32 их наяд гэж тооцвол зарцуулалт, зарлага талыг доорх гурван чиглэлд хувааж харж болохоор байна.
- Хөрөнгө оруулалтын чанартай зардалд 8 их наяд төгрөг
- Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын санд 8 их наяд төгрөг
- Урсгал зардал буюу бүх яамдын үйл ажиллагааны зардал, Хүүхдийн мөнгө, байр ашиглалт гэх мэт бүх урсгал зардлууд 17 их наяд төгрөг байна.
Ойрын өдрүүдэд УИХ-аар хэлэлцэж байгаа ирэх оны төсөвт ахмадын тэтгэврийг инфляцтай уялдуулан 6% нэмнэ гэж төсөвлөсгөөс багш, эмч нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх, нэмэх нэг ч төгрөг төсөвт ороогүй байгаа юм. Угтаа бол Боловсрол, Эрүүл мэндийн сайд нар 2026 оны төсвийн төслийг боловсруулж, санал оруулж байх үедээ багш, эмч нарын цалинг хэрхэн нэмэх саналаа оруулж, Сангийн яам руу хүргүүлэх учиртай ч ямар ч тоо нэмж тусгаагүйд багш, эмч нар бухимдалтай байна.
Тэд ажил хаясан, суулт хийж байгаа.
Засгийн газар, УИХ-ын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Одоогоор 10-15% нэмэх боломжийг судалж буй гэснээс нэмчихсэн зүйл алга.
Харин ахмадуудын хувьд 2026 онд 6% нэмэгдэхээр байгаа ч 1 сая ч хүрэхгүй тэтгэвэр авдаг ахмадуудад 48 мянган төгрөг л нэмэгдэхээр байгаа юм. Тэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, амь зогоох төдий амьдрах бус ядаж хамгийн доод тэтгэврийн хэмжээг 1.5 саяд хүргэх шаардлага хүргүүлж, мөн л суулт хийсээр байгаа.
Харин Сангийн сайдын зүгээс цалин, тэтгэврийг тэдний хүсээд байгаа хэмжээнд хүргэх боломжгүй бөгөөд боломжит хувилбаруудыг судалж буйгаа хэлсэн.
- Багш нарын цалинг 15-20 хувь,
- Эмчийн цалинг 10-15 хувь,
- Ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрсэн. Ингэж нэмэхийн тулд бидэнд 831 тэрбум нэмж шаардлагатай болж байгаа юм.
Сангийн сайд Б.Жавхлан:
“Ийм хэмжээний нөөц боломж 2026 оны төсөвт үнэхээр байхгүй.
2026 оны төсөвт нийт зардлаас 500 тэрбум, орлогоос 1,6 их наядаар бууруулж оруулж ирсэн. Төсвийн тэлэлтийг хязгаарлаж, ДНБ-ийг өсгөх хувийн хэвшлээ дэмжсэн бодлого барьж боловсруулсан.
Төсвийн 31.6 их наядаас хасч огт болохгүй төсөв бол Хүүхдийн мөнгө, гадаадын зээлийн эргэн төлөлт зэргээс хасах боломжгүй. Мөн тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх гэж байж хасах боломжгүй. Ингэхээр цалин, тэтгэврийг нэмэх орон зай нь төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс жигд 10% хасах л байна. Энэ хэрээрээ төрийн үйл ажиллагаа, жилийн төлөвлөгөөний санхүүжилт 10% хойшилно, татагдана” гэж тайлбарлав.
Энгийнээр хэлбэл Ерөнхийлөгч, Засгийн газар, бүх яам, УИХ гээд төрийн бүх хэсэгт төсвийн хөрөнгө санхүүжилт нь 10%-иар хасч 2026 онд ажиллана гэсэн үг юм.
Нийт цалин, тэтгэвэр нэмэхийн тулд 831 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг байгаа хөрөнгө оруулалтын зардлаас хасаад цалин, тэтгэврийг нэмж байгаа учраас инфляцэд сөрөг нөлөө үзүүлэх нь бага хэмээн тайлбарлалаа.
Хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын идэвхжлийн нөлөөгөөр энэ онд эдийн засаг 5.5 хувиар өсөхөөр хүлээгдэж байна. 2025 оны I улиралд уул уурхайн өсөлт удааширч, түүнийг дагасан тээвэр, худалдааны салбарууд уналттай гарснаар эдийн засгийн өсөлт 2.4 хувьд хүрч удааширсан. Харин хөдөө аж ахуйн салбар сэргэж, үйлчилгээ, аж үйлдвэрийн салбар тогтвортой өссөн нь эдийн засгийн өсөлтөд голлох эерэг нөлөөтэй байлаа.
Оны сүүлийн хагаст нүүрсний экспорт сайжирч, зэсийн экспорт өндөр түвшинд хадгалагдахын зэрэгцээ Баянхөндийн алтны төсөл олборлолтоо эхлүүлж алт олборлолт нэмэгдсэнээр уул уурхай, тээвэр, үйлчилгээний салбаруудын өсөлт сайжрах төлөвтэй байна. Түүнчлэн, хөдөө аж ахуй, уул уурхайн салбаруудын идэвхжил боловсруулах үйлдвэрлэлийг тэтгэхээр байна гэсэн өөдрөг хүлээлттэй үлдье дээ.






