
Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Нийслэлийн Ерөнхий Боловсролын 5 дугаар сургуулийн Зурагзүйн багш, гурван хүүхдийн аав Ц.Бадамдоржийг урьж ярилцлаа.
Түүнийг багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарласантай холбоотойгоор ярилцлага авч явахдаа олж харсан юм. Асуулт асуух бүрд үнэнхүү сэтгэлээсээ хариулж, энэ хүн эр хүн, эцэг хүн, аав хүнийхээ хувьд багшийн багахан цалингаар амьдралаа яаж авч явж, нуруундаа юуг үүрч, юуг туулж байгаа бол гэх бодол төрөн нэвтрүүлэгтээ орох урилга өгсөн юм.
Ийнхүү үүрийн гэгээтэй уралдан үүргэвчээ үүрэн гарч үдшийн бүрийгээр орж ирдэг олон багш нарын төлөөлөл болох түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэе.
“Хорвоогийн хамгийн сайхныг мэдрүүлэх гэж, таниулах гэж ирсэн гурван үрийнхээ төлөө л багш нь өнөөдөр ч босож явна”
Түүний амьдрал тийм ч дардан байгаагүй.
“Заримдаа аав нь айлын шал угааж өгдөг байсан ч, энэ бол та гурвынхаа төлөө хийж байгаа миний зүтгэл шүү гэж л ойлгоосой гэж боддог.
Би энэ бүхнийг нууж хийдэг. Тэдэндээ “аав нь багш хүн, сэхээтэн хүн” гэж ойлгуулах гэж хичээдэг. Яагаад гэвэл хүүхэд минь “аав минь ингэж зовж өсгөж дээ” гэж бодох хэрэггүй. Харин “аав минь ямар сайхан зүтгэж биднийг хүн болгожээ” гэж бодож өсөөсэй гэж хүсдэг.”
Сайн ханьтай тулдаа л багшилж байна
Ц.Бадамдоржийн яриа энгийн, гэхдээ үг бүрийн цаана чин сэтгэл нуугдана.
“Би сайн ханьтай байж л өнөөдрийг хүрч байна. Тэр минь намайг ойлгодог. Би ажилдаа дарагдаж, амьдралдаа ядарч явахад тэр минь л дэргэд байсан үнэхээр сайхан бүсгүй.
Сургуулиа төгсөөд л мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн надад анхны цалин болох 47000 төгрөг хаанаа ч хүрдэггүй байсан. Тэр үед ядаж л ганц бие байсан юм шүү дээ.
Би их хожуу хүнтэй суусан. Анхны хүүхдээ өлгийдөж авчхаад халуу бутарсан хайрандаа шатаж бүхнийг болгоё, бүтээе гэж явахад хадам ээж, аав хоёр минь их тусалсан. Ямар сайндаа гэртээ байж л “би харимаар байна” гэх вэ дээ.
Хоёр дахь хүүхдээ бол жинхэнэ гардаж өөрсдөө өсгөсөн. Тухайн үед би ажлынхаа хажуугаар онгоц хийдэг байсан юм. Өглөө гараад л шөнө орж ирэхэд хань минь хүйтэн усанд даавуунуудаа хийчихсэн, халуун хоолтой угтдаг сан. Намайг ч боддог уу гэлтэй тийм ч их даавуу гаргахгүй. Заримдаа памперс нь дүүрэнгүүт даавуу чихээд хүүхдэдээ өмсүүлчихдэг байсан. Тэр үед үнэхээр зовлонгийн хэлтэрхий ч байгаагүй. Би дэндүү жаргалтай хүүхдийнхээ даавууг шөнийн 3 цагт угааж хатааж тавьчхаад л 6 цагт ажилдаа гараад явна.
Түүний эхнэр бас боловсролын салбарт байсан ч нэг гэр хоёр багш хэзээ ч бүтэхгүй юм байна гээд арай ухаантайгаар нь эхнэрийгээ өөр мэрэгжлээр сургаад өөрөө дэндүү хайртай тул энэ мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллаад 24 жилийн нүүрийг үзэж байгаа аж.
Амьдралдаа олдсон дөрвөн сайхан эрдэнээ зүлгээд л, өнгөлөөд л амьдарч байна даа…


Багшийн мэргэжил бол сэтгэлийн ажил

“Биднийг хүмүүс зүгээр нэг хичээл заадаг гэж боддог байх. Гэхдээ өглөө босоод ажилдаа явахдаа ганцхан хичээлээ биш, зуу шахам хүүхдийн ирээдүйг үүрч гардаг юм шүү. Хэн хүнээс илүү эрт ирж, цөөн хэдэн ч биш суудлаасаа хэтэрсэн сурагчид бүртээ энэ тэнцүү мэдлэг олгохын төлөө цаг ямагт бодлогширно.
Заримдаа хүүхдүүдээс гармааргүй зан авир гарах ч багш хүнд гомдох эрх байдаггүй.
Харин эдгээр хүүхдийгээ яаж “ХҮН” болгох уу гэдэг дээр л анхаарлаа хандуулдаг. “Мянга онц сурлагатан бэлдээд яах юм бэ, эцэг эх, эх орноо хайрладаг, хүн чанартай хүүхдүүд өсгөсөн байхад зүг чигээ олохын цагтаа юуг ч сураад явна шүү дээ”.
Энэ үгийг би сурагчдадаа ч, өөрийн үрсдээ ч хэлдэг. Үнэхээр онц сурлагатай шавь минь 17 жил холбоогүй явж байхад, хатуухан харьцаж байсан шавь минь багшийнхаа мөрөн дээрээс адис аваад мөнхийн холбоотой сайхан явж байна. Ингээд бодохоор тэр тусмаа одоо цагт хүүхдүүдэд хүн чанар, хүнлэг сэтгэлийг суулгах нь илүү чухал юм шиг санагддаг.
Түүний гар дээрээ авдаг цалин сая 400 мянган төгрөг. Олон жил ажилласны урамшуулал, анги даалтын 5 хувь нэмэлтээр авдаг. Гэхдээ ангийнх нь хүүхдүүд ямар нэгэн асуудал гаргавал тэр таван хувь ч үгүй болно. Гурван хүүхэдтэй том хүүхэд нь оюутан. Хоёр багаа секц, дугуйланд явуулна, байрны зээл, машины зээл гээд энэ мөнгө нь хаанаа ч хүрэхгүй тул хажуугаар нь хар бор ажил хийнэ.


“Багш шавь гэдэг чинь салж болохооргүй бусад хүмүүс мэдрэхээргүй тийм нандин холбоотой байдаг юм. Нэгэнт л багш мэргэжлийн амтыг авсан бол эргэж буцаж чаддаггүй юм. Хэрвээ зөвхөн цалин мөнгөө бодоод багшилдаг бол энэ улсад багш үлдэхгүй шүү дээ” гэж хэлсэн юм.
Боловсролын салбар бол “улс орны зүрх” юм. Энэ зүрхний цохилт сулраад эхэлбэл, нийгмийн бүх эрхтэн өвдөнө. Тийм болохоор багшийн үнэ цэнэ гэдэг бол зүгээр нэг цалин биш, улсынхаа ирээдүйд итгэх итгэл юм.
Яг энэхүү бичвэр орох цагт улс орон даяар багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарласан байгаа юм. Энэ талаар тэрбээр:
Хэрэв дарга нар маань урвахгүй бол, бид ч урвахгүй. Цалингаа нэмүүлтлээ бат зогсох болно. Эцэг, эхчүүд ч биднийг ойлгож дэмжиж байгаа.
Одоо л биш бол хэзээ гэж…
Өчнөөн олон жил өөрийнхөө хүүхдэд аав нь гэж хэлэхээсээ илүүтэй цагаар багш нь гэдэг үгийг хэлж, бусдын хүүхдийн боловсрол эх орны ирээдүйн төлөө бид цаг наргүй хичээсэн. Гэтэл боловсролын салбарын үнэ цэн хаанаа байгаа юм бэ.
Гаднаа их инээмсэглэсэн багш нар харагддаг байх. Гэхдээ хүчээр нүүрэндээ инээмсэглэл тодруулж, тархиндаа зээлээ бодож яваа багш олон бий шүү. Зүгээр л энэ хүмүүсийн сэтгэл дүүрэн, санаа амар байх боломжийг нь хангаад өгчих. Үлдсэнийг нь бид өөрсдөө мэдээд хийчихнэ шүү дээ.
Залуучууд, залуу багш нар бүгд гадагшаа явна гэж байна. Тэднийгээ торгоох гэж хажуугаар нь тархиа шаналгана. Эх орондоо хөлсөө дуслуулж, эх орондоо ясаа тавимаар байна. Энэ боломжийг л хангаад өгчих хэрэгтэй.










аан тэгвэл монгол улс хөгжихгүй байгаан шалтгаан энд байгаа юм байна. бүгд сэхээтэн эрдэм номын ажил хийгээд кк
Дээд боловсролтой, эрдэм номын ажил хийдэг хүмүүс.
сэхээтэн гэж юу гэсэн үг юм бол?
сэхээтэн гэж юу гэсэн үг юм бол?