
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг АН-ын дарга, УИХ дахь АН-бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа.
Тэрбээр, “Өнөөдөр АН-ын бүлэг хуралдаж, 42 гишүүнээс 34 нь оролцож, 33 нь дараах шийдвэрийг дэмжлээ. Нэг гишүүн шийдвэрийг дэмжсэн ч хугацааны хувьд тодорхой хугацааны дараа гаргах нь зүйтэй гэсэн саналтай байв. Иймд уг шийдвэрийг АН-ын бүлгийн нийт гишүүдийн бараг 100 хувийн дэмжлэгтэй гарсан гэж үзэж байна.
Бүлгийн гаргасан шийдвэр хоёр үндсэн заалттай:
-
УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын 5-д Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах асуудлыг дараалан хэлэлцэж, аль алийг нь огцруулахыг дэмжсэн. Хэрэв УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй бол АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй.
-
Үндсэн хуулийн хямрал, улс төрийн болон нийгмийн тогтворгүй байдалд хүргэсэн үйлдэлд МАН бүрэн хариуцлага хүлээх ёстой.
Энэ нь АН-ын бүлгийн хувьд түүхэн шийдвэр бөгөөд намын дүрмийн дагуу гишүүд заавал дагаж мөрдөх ёстой. Хэрэв дагаж биелүүлэхгүй бол улс төрийн хариуцлага хүлээлгэх, дэмжлэг үзүүлэхгүй байх зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байна.
Цалин, төсөвтэй холбоотой байр суурь:
АН-ын бүлэг эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг дэмжиж, 2026 оны улсын төсвийг буцаан татах санал гаргасан. Энэ нь төсвийг үгүйсгэж буй бус, харин хуульд заасан хугацаанд буцаан татаж, дотор нь цалингийн болон тэтгэврийн асуудлыг шийдэх шаардлага юм. Төсвийн хэмжээг нэмэх бус, зардлын бүтэц дотор өөрчлөлт хийж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Чуулганы ирц ба Үндсэн хуулийн зөрчил:
АН-ын бүлгийн гишүүд өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцоогүй. Бид Ерөнхий сайд болон УИХ-ын даргын огцруулалтын асуудлыг хамтад нь, нэг өдөртөө дараалан хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай. УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэхгүй орхивол Үндсэн хуулийн хямралыг зориуд үүсгэж байна гэж үзэж байна.
АН парламентын засаглалын зарчим, Үндсэн хуулийн хүрээнд асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд “хамтад нь хэлэлцэх” гэдэг нь нэг тогтоолоор шийдэх бус, нэг өдөртөө дараалан хэлэлцэхийг хэлж байгаа юм.
Цаашдын алхам:
УИХ-ын даргатай уулзалт хийсэн. АН-ын бүлэг байр сууриа өөрчлөөгүй бөгөөд зарчмын шаардлагаа бүрэн хадгалж байна. УИХ-ын дарга чуулганы хуралдааныг ёс зүйн хувьд удирдах боломжгүй гэж үзэж байгаа. Бид ямар нэгэн тохиролцоо хийх бус, Үндсэн хуулийн дагуу ажиллаж байна.
Бүлгийн олонхын шийдвэр гарсан тул миний хувьд энэ шийдвэрийг хэрэгжүүлэх бүрэн үүрэгтэй. Бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар батлагдсан энэ шийдвэрийг биелүүлж ажиллана.
Өнөөгийн нөхцөлд эрх баригчид огцруулах санал оруулсан атлаа өөрсдөө суудалдаа үлдэхийг оролдож байна. Үүний цаана хууль зөрчих, Үндсэн хуулийг тойрч гарах оролдлого байж болзошгүй” гэв.






