
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр цахим хуудсаараа хандан дараах мэдэгдлийг хийлээ.
-“Нүүрсний сонсгол дээр хамгийн их яригддаг хүн бол Д.Амарбаясгалангийн туслах, хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Эрдэнэжаргал гэж хүний асуудал яригддаг. Энэ хүнийг нүүрсний сонсгол дээр дуудахад ирээгүй. Б.Эрдэнэжаргал Д.Амарбаясгалан нар хэрхэн холбогддог вэ?
2017 онд Д.Амарбаясгалан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Топ медиа” ХХК, “Жабко” ХХК зэрэг компаниудыг бүртгүүлсэн байдаг. Тус хоёр компанийг 2019 онд Б.Эрдэнэжаргалд 100 хувь шилжүүлсэн байдаг.
Тэгтэл өнөөдрийн байдлаар Б.Эрдэнэжаргал нь 20 компани, 4 төрийн бус байгууллагыг эзэмшиж байна. Мөн 7.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 11 үл хөдлөх хөрөнгөтэй болсон байна. Үүгээр ч зогсохгүй ашигт малтмалын 31 лиценз хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр авсан байна.
Б.Эрдэнэжаргалын эхнэр Б.Ганхуяг, ээж З.Даваахүү нарын нэр дээр 2023-2025 онд 79 тэрбум төгрөгийн тендерийг “Эрдэнэл үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой” ХК-аас авсан байгаа юм.
Б.Эрдэнэжаргал нь Ц.Чулуунзагд, Д.Амарбаясгалан нартай хамааралгүй гэж ярьдаг. Тэгвэл Ц.Чулуунзагд, Д.Амарбаясгалан нар арван жилийн нэг анги Монгол ардын намынхан бүгд ямар хамааралтай хүмүүс вэ гэдгийг мэдэж байгаа. Ц.Чулуунзагдын төрсөн эгч Ц.Цэвэлмаа “Админерал” ХХК-ын санхүүгийн дарга буюу хоёрдугаар гарын үсэг зурдаг хүн, төрсөн ах Ц.Ламжав нь дэд захирал, гүйцэтгэх захирал нь талийгаач Хасбаатар, Ц.Цэвэлмаагийн хүү Э.Амаржаргал гэж хүн байдаг. Нэг талаас “Дижитал Пи Ар” ХХК байгуулж 50 хувын хөрөнгө оруулсан. Нөгөө талаас Д.Амарбаясгалан түүний ах Д.Амгаланбаатар түүний хүү А.Эрхэмбаяр гэж хүн 50 хувьд нь хөрөнгө оруулсан.
“Сүрфэйс майнинг монголиа” ХХК, “Дижитал Пи Ар” ХХК-ын толгой компани. Үүний 20 хувын хувьцааг талийгаач Хасбаатар эзэмшдэг байсан. Өөрөөр хэлбэл Хасбаатар Э.Амаржаргалаар дамжуулж Ц.Чулуунзагд А.Эрхэмбаяраар дамжуулж Д.Амарбаясгалан нар дундын бизнестэй нэгдмэл ашиг сонирхолтой болох нь баримтаар нотлогддог. Тийм учраас би хулгайч хүн өөрийнхөө нэр дээр хулгай хийж байсан юм бэ гэж зүгээр ч нэг хэлээгүй” гэлээ.






