
“Нэг насаар энгийн байснаас
Нэг өдөр хаан байсан нь дээр
Нэг насаар хэн ч биш байснаас
Нэг өдөр хаан байсан нь дээр” ROKIT BAY.
Монголын парламентад “хоёр толгойтой МАН” төрлөө. Хоёр толгойтой биет төрвөл үхнэ. Үхэхдээ нэлээд гай тарьж үхнэ. Хоёр тийшээ зүтгэсээр их биеэ тасдаж хаяна. Тасарсан биеэс асгарсан цус ойр хавийн хамаг хана туургыг бялдаж хаях вий. Их бие нь наранд өмхийрч хамаг нян бактериа нийгэмд цацна.
Нэгнийхээ хулгай, дээрэм, булхайг ярьж, ханз авалцаж байгаа нь сайхан ч, улс орноо сүйтгэж буй нь ил цагаандаа гарлаа. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын төсөв хэлэлцэх үеэр нэг намын даргын сандал ширээний асуудал ийм их хор хөнөөл учруулж буй нь халгамаар аа.
Угаас Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр аль хэдийн легитм чанараа алдчихсан. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг гартаа атгаж буй хүмүүс ийнхүү легитм чанараа алдсанаар иргэдийн итгэл буурч, төрийн шийдвэр хууль ёсны гэж харагдахгүй болж байна гэсэн үг.
Нам нь, бүлэг нь хүртэл хоёр даргатай болсон МАН-ынханы хэнд нь итгэх вэ? Хэн нь үнэн ярьж, хэн нь худал ярьж байгаа нь мэдэгдэхээ болилоо. Хууль хүчний байгууллагууд нь ч хөл толгойгоо алдчихлаа.
Улс орны бодлого, төсөв хөрөнгө бодож байгаа амьтан төрийн ордонд лав байхгүй болсон.
Ерөнхий сайд Г.Занданшатар багш, эмч, ахмадуудын тэтгэврийг нэмнэ гэлээ. Энэ мэдээж УИХ-аар эцэслэгдэнэ. Нарийндаа уг шийдвэр наанаа сайхан харагдах хэдий ч цаанаа мөн л цээжний “бан”, “популизм”.
Өнөөдөр нэмүүлсэн цалин маргааш бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, худалдан авах чадварыг л муутгана.
Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Хэмнэлтийг төрийн тэргүүнээсээ эхэлнэ. УИХ-ын үйл ажиллагааны зардал бүгд 10% хасагдана. УИХ-ын гишүүдэд, гишүүдийн үйл ажиллагааны зардал 10% хасагдана. Бүх яамдын үйл ажиллагааны зардал 10% хасагдана. ЭМЯ-ны үйл ажиллагааны зардал 10% хасагдана. Гэр бүл, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны зардал 10% хасагдана. Нөгөө цалингаа нэмэх гэж байгаа Боловсролын яамных нь үйл ажиллагааны зардал 10% хасагдана. Ийнхүү шат шатандаа бүх төсвийн урсгал зардлаас 10%-аар жигд хасагдана. Энэ бол нөөц боломж биш, бид үйл ажиллагаагаа 10%-аар татаж байна аа гэсэн үг. Хүрэх зорилт, төлөвлөгөөний биелэлтэд маань санхүүжилт 10% дутна гэсэн үг. За, ийм байдлаар, одоо хатуу боловч зайлшгүй шаардлагатай тулчихсан” гэв.
Юу гэсэн үг вэ. Ард түмэн НЭГ ӨДӨР ХААН байгаад бусад өдөр нь бүсээ чангалах нь, боол байх нь тийм биз. Бидэнд эрүүл мэндийн салбарынхаа хасаж болохгүй зардлаас хассанаас болж хүнй халдвар гарч олон нярай эндсэн гашуун түүх бий.
Багш, эмчийн цалинг нэмэх нь буруу гэж байгаа юм биш. Тодорхой үе шаттай, алсын хараатай, тогтвортой байх ёстой л гэж байгаа юм. Өнөөдрийн шийдвэр бол харин ч эсрэгээрээ гэнэтийн, муйхар арга. Монгол төрийн бодлого энэ биш.
Сангийн сайд нь инфляц өсөхгүй гэж хэлсэн. Гэвч судалгаа, шинжилгээ, инфляцыг яг үнэндээ МАН өөрөө л хийдэг шүү дээ. Хэдийгээр одоо нэг оронтой тоонд байгаа ч яг үнэндээ инфляц хоёр оронтой тоо руу аль хэдийн талийсан л гэдэг.
Ямартай ч Д.Амарбаясгалан нь ч байна уу, Г.Занданшатар нь ч байна уу ойлгох ёстой зүйл нь монголын төр хэн дуртай нь нэг өдөр засаглахдаа даналзаж хүссэн шийдвэрээ гаргадаг явуулын гуанз биш гэдгийг ойлгох болой. Харин нөгөө талд ард түмэн нэг өдрийн хаан байх уу, нэг насаараа энгийн байх уу гэдгээ сонгох цаг нь ч болж.






