
Мадагаскарт сүүлийн 3 долоо хоногийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал цуглааны үр дүнд тус улсын Ерөнхийлөгч Андри Ражуэлин эх орноосоо зугтаж, зэвсэгт хүчнийхэн төрийн эрх мэдлийг гартаа авч буйгаа зарлажээ.
Мадагаскарын зэвсэгт хүчний CAPSAT элит батальоны тэргүүн, хурандаа Майкл Рандрианирина өнгөрсөн мягмар гарагт Сенат, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, төрийн эрх мэдлийг авч буйгаа зарлажээ.
Ерөнхийлөгч А.Ражуэлин эх орноосоо зугтахаасаа өмнө Мадагаскарын парламентын доод танхимыг тараах зарлиг гаргасан ч парламентын гишүүд түүний зарлигыг үл харгалзан Ерөнхийлөгч А.Ражуэлиныг албан тушаалаас нь огцруулах санал хураалт явуулжээ.
Ус болон цахилгаан эрчим хүчний хомстолтой холбоотой мадагаскарчуудын бухимдал засгийн газар болон Ерөнхийлөгчийн эсрэг жагсаал хөдөлгөөн болж хувирсан ба Ерөнхийлөгч А.Ражуэлин засгийн газраа огцруулсныхаа дараа жагсагчидтай хэлэлцээрийн ширээний ард сууж, шаардлагыг нь сонсож, танилцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Тэрээр цахилгаан эрчим хүчийг хязгаарлах явдал сарын дотор зогсохгүй бол албан тушаалаа өгнө хэмээн амласан ч Gen Z нарын эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн үргэлжилж, жагсаалыг хүчээр тараах гэсэн оролдлогоос болж 22 хүн амь үрэгдсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд CAPSAT тусгай ангийн цэргүүд жагсагчидтай нэгдэж, эрх баригчдаас өгч буй тушаалыг биелүүлэхээс татгалзаж буйгаа зарласан нь нөхцөл байдал өөрчлөгдөхөд хүргэжээ. Мадагаскар нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд хүн амынх нь 3/4 нь ядуу амьдардаг ба иргэдийнх нь жилийн дундаж орлого нь 600 орчим ам.доллартай тэнцдэг байна.






