
2024 онд Япон улсад оршин сууж буй гадаадын иргэдээс мэндэлсэн хүүхдүүдийн тоо 20 мянгыг давж, тус улсад шинээр мэндэлсэн нийт хүүхдүүдийн 3.2 хувийг эзэлж, рекорд тогтоожээ. Японы засгийн газраас мэдээлснээр 2024 онд тус улсад оршин сууж буй гадаадын иргэдээс нийт 22 878 хүүхэд мэндэлсэн нь 2023 оны үзүүлэлтээс даруй 3000-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Япон улсад амаржсан гадаад эмэгтэйчүүдийн дийлэнх хувийг хятад эмэгтэйчүүд эзэлж байна.
Нөгөө талаас Япон гэр бүлээс мэндэлсэн хүүхдүүдийн тоо 2023 онтой харьцуулахад 41 115-аар буурсан үзүүлэлттэй гарчээ. Японы Цагаачлалын албаны мэдээгээр тус улсад хууль ёсоор оршин сууж буй гадаадын иргэдийн тоо 3.95 саяд хүрээд байгаа аж. Тэдгээр цагаачдын дийлэнх хувийг бүрдүүлж буй 20-40 насныхны дунд Япон улсад удаан хугацаагаар оршин сууж, гэр бүлтэй, хүүхэдтэй болох хандлага ажиглагдаж байгаа гэжээ.
Японы эрх баригч Либерал Ардчилсан намын даргаар сонгогдсон Санаи Такаичи сонгуулийн кампанит ажлынхаа үеэр цагаачлалын хатуу бодлого баримтлахаа мэдэгдсэн ч хүн ам нь хурдацтай хөгширч, хөдөлмөрийн насны иргэдийн тоо буурч, нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо нь хүн амын хэвийн өсөлтийг хангаж чадахгүй хэмжээнд хүрсэн зэргээс болж япончуудад гаднаас ажиллах хүч татах шаардлага үүсээд байгаа юм.
Хууль зүйн сайд Кэисүкэ Сүзүки 2040 он гэхэд гадаадын оршин суугчдын Японы хүн амд эзлэх хувь 10 хувийг давах төлөвтэй байгаа тухай дурдсан ба мэргэжилтнүүд Японы орон нутгийн удирдлагуудаас тус улсад оршин сууж буй гадаадын иргэд, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх тал дээр илүү ихийг хийх шаардлагатайг онцолсоор байгаа аж.






