
Өвлийн улирал хаяанд ирж, хүйтний ам наашилсан энэ өдрүүдэд автомашинтай иргэд бэлтгэлээ хангах цаг боллоо. Замын халтиргаа, цас, хүйтэн агаарт автомашины ажиллагаа доголдох зэрэг эрсдэл нэмэгддэг учир мэргэжилтнүүд дараах зүйлсийг заавал шалгахыг зөвлөж байна.
Дугуйгаа улиралдаа тааруулж солих хэрэгтэй
Өвлийн улиралд зориулсан хээтэй, зөөлөн резинтэй дугуйг 10 дугаар сарын сүүлч гэхэд заавал сольсон байх шаардлагатай.
Хэрвээ зуны дугуйтайгаа цас, мөсөн дээр явбал барьцалдах чадвар 40-60 хувиар буурч, ослын эрсдэл хэд дахин нэмэгддэг.
Санахад илүүдэхгүй: Хуучин дугуйны хээний гүн 4 мм-ээс доош бол солих шаардлагатай.

Аккумляторынхаа бүрэн байдлыг хянаарай
Хүйтний улиралд хамгийн түрүүнд асуудал үүсгэдэг зүйл бол аккумлятор. Хэт хүйтэнд цэнэг барих чадвар нь эрс мууддаг тул 2-3 жил хэрэглэсэн бол шинэчлэхийг зөвлөж байна.
Автомашинаа өглөө асаахад “хоцорч” байгаа бол аккумлятор сул байгаагийн дохио.

Хөргөлтийн болон тоормосны шингэний түвшнийг шалгаарай
Моторын хөргөлтийн шингэнийг (антифриз) заавал шалгаж, хасах 30 – 40 хэмд тэсвэртэй эсэхийг турших хэрэгтэй.
Мөн тоормосны шингэн, тосны түвшин, хөдөлгүүрийн тосны зуурамтгай чанарыг улиралд тохируулан соль.

Шил арчигч ба шингэнээ солиорой
Өвлийн зориулалттай шил арчигч шингэн хасах 30 хэмд хөлдөхгүй байх ёстой.
Мөн арчигч резин хатаж, урагдсан бол солихгүй бол цанталт үүсгэж, үзэгдэх орчныг хязгаарлана.

Халаалтын системээ шалгаарай
Өвөл халаалт, салон халаагч ажиллахгүй бол аялал биш “там” болно. Радиатор, халаалтын системийн хоолойнууд бөглөрөөгүй, агаар ороогүй эсэхийг урьдчилан шалга.

Гэрэл, дохио, цонхны хянагчаа хянаарай
Цас, манан, харанхуй богиносох үед гэрэл хамгийн чухал үүрэгтэй. Гэрлийн гэрэлтүүлэг, тоормосны дохио, чиг заагч бүгд бүрэн ажиллаж байгаа эсэхийг шалгах нь аюулгүй байдлын үндэс юм.

Яаралтай тусламжийн хэрэгслээ бэлэн байлгаарай
Өвлийн улиралд машин эвдрэх, замд гацах магадлал нэмэгддэг. Тиймээс дараах зүйлсийг машиндаа байнга авч явах хэрэгтэй:
- Багажийн хайрцаг
- Дугуйн гинж
- Гэрэлтүүлэгч хантааз
- Хөнжил, бээлий
- Батарейтай гар чийдэн
- Жижиг хэмжээний түлш, ус


Замын хөдөлгөөний дүрмээ баримтлаарай
Хүйтний улиралд ослын гол шалтгааны нэг нь хурд, анхааралгүй байдал байдаг.
Халтиргаатай үед гэнэт тоормослох, огцом эргэх, огцом хурд авах зэрэг үйлдэл халтиргаа үүсгэнэ.
“Өвөл жолоодоход хурдаа биш, анхаарлаа хасах нь аюултай” гэж авто мэргэжилтнүүд зөвлөж байна.
Өвөлд бэлтгэх нь зөвхөн машинд биш, жолоочийн хандлагад ч хамаатай. Автомашин тань таныг хамгаалдаг шиг, та ч гэсэн машинаа хамгаалж, арчилж байх нь хамгийн зөв алхам юм.







