
Хятадын Temu цахим худалдааны платформын Европ дахь салбарын 2024 оны татварын өмнөх ашиг 2023 оныхоос 171 хувиар өсөж, 120 сая орчим ам.долларт хүрчээ.
Хямд бөгөөд сонголт ихтэй бараа бүтээгдэхүүн зардаг гэдгээрээ алдартай Temu цахим дэлгүүр Европт дангаараа 115 сая гаруй хэрэглэгчидтэй болсон нь Европын холбооны нийт хүн амын 25 гаруй хувьтай тэнцэж байна.
Найман ажилтантай Европ дахь Temu компанийн салбар 2024 оны ашгаасаа нийт 18 сая ам.долларыг татварт өгсний 3 сая ам.доллар нь Европын холбооноос 2023 оны сүүлээр тогтоосон албан татвар аж.
Temu платформоос бараа бүтээгдэхүүн худалдан авах явдал тасралтгүй нэмэгдсээр байгаа нь Европын холбоонд 150 еврогоос бага үнийн дүнтэй илгээмжийг гаалийн татвар болон хяналт шалгалтаас чөлөөлдөг явдал хамгийн ихээр нөлөөлж байгаа аж.
Өнгөрсөн жил Европын холбооны хилээр орж ирсэн бага үнийн дүнтэй илгээмжийн тоо нийт 4.6 тэрбумд хүрсэн ба 150 еврогоос бага үнийн дүнтэй илгээмжүүдийн 91 гаруй хувийг Хятадаас ирсэн илгээмжүүд эзэлжээ.
Нөгөө талаас Европын холбоо Хятадын цахим дэлгүүрүүд их хэмжээний ашигтай ажиллаж байгаа хэрнээ бага татвар төлж байгаа явдлыг шүүмжилж, энэ оны 7-р сараас гаалийн хяналт шалгалтыг чангатгаж, 2028 оноос бүх төрлийн илгээмжээс татвар авдаг болох хуулийн төслийг баталжээ. АНУ мөн л Temu, Shein зэрэг Хятадын цаиим дэлгүүрүүд татвар бага төлж, их хэмжээний ашиг олдог явдлыг эцэслэх үүднээс 800 ам.доллараас бага үнийн дүнтэй илгээмжийг татвараас чөлөөлөх журмыг цуцалжээ.






