
Монгол Улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.2 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэдний 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй хүүхэд юм.

Мөн 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд нийт 1 сая 63 мянган хүүхэд хамрагджээ.


Монголчууд тэр дундаа эцэг, эх, асран хамгаалагч нар сургуулийн өмнөх боловсролын насны мөн өсвөр насны хүүхэд багачуудынхаа суурь хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ?
Энэ асуулт сүүлийн жилүүдэд бодлын гүнээс барагтай салж өгдөггүй, уяатай явсаар ирлээ. Учир нь сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн боловсрол, суурь хүмүүжил, төлөвшлийн асуудал хурцаар тавигдаж буй.
Эсвэл эл асуудал өмнө нь байсаар ирсэн үү? Байсан нь одоо үед илүүтэй ихээр хөгжөөд буй цахим орчноос болж байгаа юмуу.
Ямартаа ч томчууд бидний чихнээс хонх уясан мэт элдэв янзын л ярвигтай асуудал гарч буй нь зүрх түгшээж, айдас төрүүлнэ. Тэгвэл шүдний өвчин болоод буй хүүхдийн хүмүүжлийн асуудалд эерэгээр дусал ч болов нөлөөлөхөөр бид юу хийж чадах вэ?
Чамгүй хэдэн жил спортын тогоонд чанагдсан болохоор “Хүүхэд бүр тамирчин болох албагүй”. Харин спортоор дамжуулан хүнээр хүн хийдэг гэдгийг мэдрээд буй.
Иймээс л эцэг, эхчүүд асран хамгаалагч та бүхэн өөрийн хүүхдийн аль сонирхсон спортын төрөл байна, түүгээр нь тогтмол хичээллүүлэхийг зөвлөе. Хүн цагаа тулахаар үр хүүхдийнхээ төлөө, тэдний ирээдүйн төлөө оруулж буй маш том хөрөнгө оруулалт бол энэ.


Хүүхэд тань сонирхсон спортын дугуйлан, секцэнд хичээллэснээр
- Цахим хэрэглээнээс түр ч болов холдоно,
- Спортоор дамжин баг хамт олонч сэтгэлгээтэй,
- Анд найз нөхөдтэй болно,
- Зорилго тэмүүлэлтэй болохын зэрэгцээ мөрөөдөлдөө нэг алхмаар ойртоно,
- Хүнээс үг дуулж, тэсвэр хатуужилтай болж, бие даан суралцаж эхэлнэ
- Өдөр тутамдаа хувийн төлөвлөгөө гаргаж сурна
- Бусадтай хэрхэн яаж харилцах, олон нийтийн харилцаанд суралцана гээд л олон талын ач холбогдолтой.
Спортоор хичээллүүлэх тохиромжтой насыг 7-8 наснаас эхэлбэл маш зөв шийдвэр хэмээн мэргэжлийн багш, дасгалжуулагч нар зөвлөж байна.
Хүүхэд багачуудыг спортод дурлуулсан сагсан бөмбөгийн өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн


Тэгвэл олон олон хүүхэд багачуудыг уриалан дуудаж буй сагсан бөмбөгийн өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нас насны ангилалд Монголын Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байна.
Тодруулбал, U10 наснаас эхлээд шилдгүүдээ жил бүр тодруулсаар 4 дэх жилтэйгээ золгож байна.
Дээрх насны УАШТ саяхан болж өндөрлөсөн. Харин Монголын Сагсан бөмбөгийн холбооноос дараагийн өрсөлдөөнөө Монгол улсын өсвөр үеийн U12 насны тамирчдын дунд “УАШТ-2025” 10 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.
Тус тэмцээнийг дээд лигийн 4 удаагийн аварга, “Харцага” клуб, Мини сагсан бөмбөгийн холбоог үүсгэн байгуулагч, Спортын мастер, Дэсээжалбуугийн Уртнасангийн нэрэмжит болгон зохион явуулж, медалийн эздээ тодруулсан юм.
Харин энэ сарын 20-26-ны өдрүүдэд Монгол улсын өсвөр үеийн U11 насны УАШТ-ийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ингэснээр тус холбооноос баримталж буй бодлогын дагуу нас насны ангилалд Улсын аварга шалгаруулах тэмцээнийг тогтмол зохион байгуулснаар оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, хамрах хүрээ ч өргөж тэлсээр байна.
Хамгийн гол нь эндээс л ирээдүйн сагсан бөмбөгийн шинэ залуу үеийн дараагийн шилдэг тамирчид төрөн гарах нь дамжиггүй ээ.




Хүүхэд спортод дурлах, тогтмол хичээллэх, бэлтгэлийн заал руугаа өдөр бүр зорин очих тэр л сэдлийг төрүүлэх гол үүрэгтэй хүн нь мэргэжлийн “дасгалжуулагч” юм.
Сайн багшаас сайн шавь төрөн гарна гэдэгчлэн хүүхдийг замын дундаас буцалгүй, шантралгүй тууштай байх тэр л дур сонирхлыг төрүүлэх, сэдлийг олгох хариуцлагажуулах хүн нь дасгалжуулагч. Иймээс л эцэг, эхчүүд та бүхнийг үүдээ нээлттэй дугуйлан бүрийн хаалгыг татахаасаа өмнө гагцхүү “мэргэжлийн багш, дасгалжуулагч”-ийг сонгох нь хамгийн чухал суурь, сонголт тэр болдог.
Учир нь тухайн спортын зөв техник, тактик, ур чадварыг мэргэжлийн багш л олгож өгч чадна. Иймээс баригдаж буй байшингийн суурийг л маш сайн тавих нь чухал юм.
Эцэг, эхчүүд, асран хамгаалагчид та бүхэн сонголтоо зөв хийсэн үү? Одоо ч оройтоогүй гэдгийг онцлоё.






