
УИХ-ын гишүүн Г.Тэмүүжин дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Өөрсдөө хуралдаандаа ирцээ бүрдүүлж чадахгүй байгаагаа АН руу чихээд хэрэггүй байх л даа. Бүлэг ер нь УИХ-ын болон одоогийн Ерөнхий сайдын асуудлаар нэгдсэн байр суурь удахгүй гарна гэж байна шүү дээ. Гэхдээ энэ хоёр хүн хоёулаа л явах ёстой гэдэг байр суурь дээр нэгдэж байгаа юм биш үү? Миний хувийн байр суурь бол тийм байгаа. Харин гишүүд өөр өөр байр суурьтай байж магадгүй. Цаг нь болохоор буюу байнгын хороодын хэлэлцүүлэг дуусаад чуулганд орох үед бүлэг нэгдсэн байр суурь гаргана. Бүлэг нэгдмэл байр сууриараа асуудалд хандана гэдэг дээр бол шийдвэр гарсан” гэв.
-Тэгэхээр та нууцын гэрээний талаар нэг тодруулга өгөөч. Олон зүйлийг нууц гээд, хулгайн асуудлыг хэлэлцэж байгаа. Энийг ер нь яавал зөв юм бэ? Ямар асуудлыг нууц гэж үзэх ёстой юм, ямар асуудлыг нууц биш гэж үзэх ёстой юм?
-Нэгдүгээрт олон улсын жишгээр нууцалдаг зүйл гэвэл гурван үндсэн төрөл бий. Зарим нь гэмт хэрэгтэй холбоотой, жишээлбэл гэрчийг нууцлах гэх мэт. Ийм төрлийн нууц байна.
Хоёрт: хувь хүний нууц гэж байна.
Гуравт: олон улсын жишгээр бизнесийн нууц гэж байдаг. Зөвхөн хувийн хэвшилд ашиглагддаг, тухайн аж ахуйн нэгжийн ашиг орлого, бүтээгдэхүүн, технологи гэх мэттэй холбоотой бизнесийн нууц.
Харин манайд энэ ойлголтыг “байгууллагын нууц” гэж буруу орчуулчихсан. Тэгсэн чинь байгууллага гэдэг дотор нь төр ч гэсэн орж ирээд, төр өөрөө төрийн нууцаас гадна нэмэлтээр “нууц” зүйлтэй болчихсон. Тэгээд одоо эх үүсвэрүүдээ нууцалж, “албаны нууц” гэсэн өргөтгөсөн ойлголтоор хэрэглэж эхэлсэн.
2016 онд ийм хууль батлагдаж, энэ ойлголт орж ирсэн. Үүний үр дүнд төрийн байгууллага өөрийнхөө юу нууцлахыг хүсэж байна, тэр бүхнээ нууцалдаг болчихсон. Дээр нь төрийн өмчит компаниуд ч өөрсдийнхөө мэдээллийг нууцлах эрхтэй болж хувирсан. Гэтэл ТӨК гэдэг бол нийтийн компани. Хэрэв бизнесийн нууцын хүрээнд мэдээлэл нууцалж байгаа бол тэр нь зөвхөн төрийн нууц, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалалттай холбоотой асуудал байх ёстой.
Харин ТӨК-ууд ямар нэгэн зүйлийг нууцлах гэж байгаа бол тэд хувийн компани биш учраас, яг энэ асуудал дээр “хувийн компанитай адил нууцлалын хууль шууд үйлчлэх үү, үгүй юү” гэдэг маргаантай байгаа. Гэтэл манайд энэ ойлголтыг буруу ашиглаж, эрх мэдэлтнүүд өөрт ашигтай мэдээллээ нууцалдаг нэг төрлийн “бамбай” болгочихоод байна. Ийм учраас төрийн алба болон албаны нууцтай холбоотой хуулийг өөрчлөх шаардлагатай.
Энэ талаар төрийн бус байгууллагууд, хөндлөнгийн шинжээчдийн маш олон, маш сайн дүгнэлтүүд гарсан. ТӨК ил тод байх ёстой гэсэн зарчим болон хууль нь байгаа. Гэтэл ийм байхад ингэж мэдээлэл нуух нь өөрөө хууль зөрчиж, хулгай хийж байгаа хэлбэр мөн. Ил тод байдал хангахын тулд бид зовж байна шүү дээ. Үүнийг сууриар нь шийдэх хэрэгтэй.
О.Цогтгэрэл дарга ч хэлсэн, “косметик хагалгаа” хийж болохгүй гэж.
Нэгдүгээр зарчим бол: орчин үеийн Үндсэн хуулийн ардчиллын хамгийн чухал зарчим бол иргэд, хувийн хэвшил хийж чаддаг бизнесийг төр булааж хийж болохгүй гэдэг.
Тийм учраас төр бизнес эрхлэгчтэй, баялаг бүтээгчтэй өрсөлдөж байгаа бүх төрийн бизнесүүдийг зогсоох ёстой. Энийг хийсний дараа үлдэж байгаа хэсэг дээр менежмент сайжруулах тухай ярих ёстой. Иргэнтэйгээ, бизнес эрхлэгчтэйгээ өрсөлдөж байгаа тэр хэсгийн менежментийг сайжруулна гэдэг чинь иргэнээ зах зээлээс шахаж гаргана, баялаг бүтээгчдээ зах зээлгүй үлдээнэ гэсэн үг.
Тэгэхээр юмны дэс дараа гэж байгаа юм:
-
Иргэнтэйгээ өрсөлддөг, баялаг бүтээгчтэйгээ өрсөлддөг бизнесийг төрд байлгаж болохгүй.
-
Иргэн хийж чадахгүй байгаа, баялаг бүтээгчид одоогоор хийх боломжгүй байгаа хэсэг дээр төр оролцож болно. Гэхдээ энэ оролцоо ил тод, нээлттэй, сайн засаглалтай байхгүй бол авлига, хулгай болно гэдгийг ойлгох ёстой.
-Хамгийн чухал нь ТББХ-ны дарга нь өөрөө Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурсан хүн байгаа. ТББХ-ны хурал одоо эмоци өндөртэй, горимгүй, техник гацсан шалтгаанаар л яваад байна шүү дээ?
Тэгэхээр журмыг бид бас харах ёстой. Бид нар кэйсээ бол харчихлаа. Ер нь би түрүүн нэг чухал зарчим ярьсан.
УИХ-ын удирдлага буюу УИХ-ын дарга бол нам бус, түдгэлзсэн, спикер буюу хурал удирддаг хүн байх ёстой. Байнгын хороод бол нэгдсэн чуулганд материал бэлдэж, асуудлыг хэлэлцэж, хэлэлцүүлгийг өрнүүлж хийдэг. Тэгэхээр 50%-тай парламентын чиг үүргийг хэрэгжүүлэгч нар, 100%-тай чиг үүрэг хэрэгжүүлж байгаа хэсэг гэж ойлгож болно.
Чуулганыг удирдаж байгаа хүн улс төргүй байх ёстой, сонирхлын зөрчилгүй байх ёстой. Харин хуралдаж байгаа хэсэг буюу үлдсэн 50% дээр улс төр орж ирэхээс өөр аргагүй. Учир нь олонх ялалт байгуулсан учраас байнгын хороодыг барьдаг. Аль ч парламент ийм л бүтэцтэй байдаг. Тиймээс улс төртэй, улс төргүй 50%-ийн тэнцвэрийг барих ёстой.
Харин чуулганыг удирдаж байгаа хүн нэг талд илт байна гэвэл түдгэлзэх ёстой. Би бол харамсалтай гэж үзэж байна. Та хэд анзаараагүй байж магадгүй хоёр өөр цаас явсан. Хүмүүс тэр хоёр цаасан дээр зэрэг гарын үсэг зурсан. Харин тэр хоёрын аль нэг дээр ч гарын үсэг зураагүй хүн л чуулганыг удирдах ёстой байсан. Ашиг сонирхол нь хөндөгдөөгүй хүн тэр чуулганыг даргалах ёстой гэсэн зарчим шүү дээ.






