
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч байгаа усыг саарал ус гэж нэрлэдэг. Энэ саарал усны тодорхой хэсгийг Туул гол руу цутгадаг. Гэтэл нийслэлийн хэмжээнд боловсруулах чиглэлийн үйлдвэр, эмнэлэг, ресторан, цайны газар, автомашин угаалгын газрууд гээд 771 үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, цэвэр, бохир усны асуудлаа улсаас шийдвэрлүүлж байна. Үүнээс ялангуяа арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, спиртийн үйлдвэр, эмнэлэг, авто угаалгын газрууд, хүнсний үйлдвэрийн хаягдал усыг нийслэлийн төв цэвэрлэх байгууламж цэвэрлэж дийлэхгүй байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж зөвхөн ахуйн хэрэглээний усыг л цэвэршүүлэх технологитой. Гэтэл Туул голд их хэмжээний бохирдлыг үүсгэж байгаа 80 гаруй аж ахуйн нэгж байна. Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Туул голоор завиар явж, саарал ус нийлүүлж байгаа эх үүсвэр болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, цаашлаад Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Өвөртохойд Туул голын бохирдол ямар байгааг тайлбарлаж, Туулын голын эко системийг хамгаалах талаар ярилцлаа.

Улаанбаатар хотоос 30 орчим км зайд ч цэвэрлэх байгууламжийн лаг хагшаасаас үүдэж, Туул голын уснаас хүн, мал ундаалах боломжгүй. Улаанбаатарын төв хэсгээрээ Туул голын хайрга нүдэнд харагдаж, цэлэлзэн урсах ч саарал усны эхтэй ойролцоо байршилд Туул голын усан дор зөвхөн дагтаршсан лаг хагшаас, өмхий үнэртэнэ. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудал Туул голын эко системд, хүн ам болоод мал амьтны эрүүл мэндэд ч хортой нөлөө үзүүлээд зогсохгүй улс орны хэмжээний аюулын түвшинд хүрчээ. Ийм болоод олон жилийн нүүрийг үзсэн ч очиж харсан, ярьсан, сэрэмжлүүлсэн, үүнээс сэргийлэх, даван туулах ажлууд хийсэн шийдвэр гаргагчид байсангүй гэхэд хилсдэхгүй.




Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр өнөөдрийн байдлаар Туул голыг ихээр бохирдуулж байгаа 20 гаруй ААН хашаандаа урьдчилан цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлсэн. АПУ компани урьдчилан цэвэрлэх байгууламж барьсан. Үлдсэн 60 ААН буюу нийт 80 ААН-ийг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох тал дээр Засгийн газар, холбогдох яамдын түвшинд анхаарч ажиллах шаардлагатай. ААН-үүд Усны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх цаг нь ирсэн. Мөн ус бохирдуулсны төлбөрөө төлөх ёстой. Эдгээр үүргээ биелүүлэхгүй хэвээр байвал 2027 оноос Туул голыг ихээр бохирдуулагч ААН-үүдийг цэвэр усаар хангахгүй, бохир усыг хариуцахгүй. Тэдний ус бохирдуулсан төлбөрийг төв цэвэрлэх байгууламжийн урсгал зардал, лаг шатаах үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжихэд ашиглах ёстой.
Тиймээс нэгдүгээрт, 80 ААН-ийг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох,
Хоёрдугаарт, Монгол Улсын хэмжээнд нэг ч лаг шатаах үйлдвэр байхгүй. Улаанбаатар хотоос төв цэвэрлэхээс гарах лагийг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх “Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийн ТЭЗҮ-ийн баталсан. 2026 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг барьж, арьс ширний үйлдвэрүүдийг гаргана.
Гуравдугаарт, нэгэнт үүссэн лаг хагшаасыг цэвэрлэхгүйгээр Туул голын эко систем сэргэхгүй. Энэ ажилд олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгийг авах хэрэгтэй байна.
Дөрөвдүгээрт, Мянганы сорилтын сангийн саарал ус дахин боловсруулж технологийн ус гаргах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар цэвэрлэх байгууламжаас гарч байгаа саарал усны 50 хувь нь стандартын түвшинд Туул руу, 50 хувь нь дулааны станц руу очдог болно.
Тавдугаарт, усны хэрэглээндээ нийтээрээ анхаарч, өөрчлөлт гаргах нь та бидний хүрээлэн буй орчин, Туул голын эко системийг хамгаалахад оруулж буй үнэт хувь нэмэр болохыг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.






