
Сэтгүүлчдийг хамгаалах зөвлөлийн гаргасан тайланд дурдсанаар 2024 онд сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд хамгийн олон сэтгүүлчид амь үрэгджээ.
Өнгөрсөн онд багадаа 124 сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд амь үрэгджээ. Тэдгээрийн 70 орчим хувийг Израилын зэвсэгт хүчний цохилтын улмаас амиа алдсан палестины сэтгүүлчид эзэлж байна.
2007 онд 113 сэтгүүлч амь үрэгдэж түүхэн рекорд тогтоож байсан бол 2024 онд зөвхөн Газын зурваст болж буй дайнд 85 сэтгүүлч амь үрэгджээ.
Газын зурвасаас гадна Судан, Пакистан, Мексик, Мьянмар, Ирак, Гаити зэрэг 16 улсад сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд амь үрэгдсэн тохиолдлууд бүртгэгдсэн байна.
Газын зурвас дахь дайнаас болж Ойрх Дорнод хоёр дахь жилээ дараалан хэвлэл мэдээллийнхний хувьд хамгийн аюултай газраар тодорчээ.
Сэтгүүлчдийн дийлэнх нь Израилын агаарын цохилтод өртөн амь үрэгдсэн ба Сэтгүүлчдийн хамгаалах зөвлөл Израиль улс багадаа 10 сэтгүүлчийн үхэлд буруутай болохыг тогтоогоод байгаа аж. Үүнээс гадна 20 гаруй сэтгүүлчийн үхэлд Израилын тал буруутай эсэхийг шалгаж байгаа гэжээ. Израилын зэвсэгт хүчин сэтгүүлчдийг санаатайгаар хөнөөсөн нь батлагдвал олон улсын хууль журмаар энэ нь дайны гэмт хэрэгт тооцогдох юм.
Газын зурваст амиа алдсан сэтгүүлчдийн дийлэнх нь чөлөөт сэтгүүлчид байсан ба 2024 онд амь үрэгдсэн 43 чөлөөт сэтгүүлчийн 31 нь палестинчууд байжээ.
Газын зурвас дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн байрнууд Израилын цохилтод үгүй болж, харилцаа холбоо нь доголдож, Израил Газын зурвас руу сэтгүүлчдийг нэвтрүүлэхийг хориглосонтой холбоотойгоор чөлөөт сэтгүүлчид нь дэлхийн нүд, чих болж, Газын зурвасын бодит байдлыг дэлхийд таниулж байгаа билээ.
2024 онд амиа алдсан хамгийн залуу сэтгүүлч 18 настай зурагчин Аль Хассан Хамад нь Израилын дроны халдлагад өртөж, амь үрэгджээ.
Сэтгүүлчдийг хамгаалах зөвлөлийн тайланд Мексик, Пакистан, Энэтхэг, Ирак улсад хэвлэл мэдээллийн ажилтнуудын үхлийг зохих ёсоор шалгах тал дээр хангалтгүй ажилласаар байгаа нь сэтгүүлчид гэмт хэрэгтнүүдийн хохирогч болох нөхцлийг бүрдүүлж өгч байгааг онцолжээ.
Сэтгүүлчдийн хувьд хамгийн аюултай гэгддэг байсан Филиппинд улсад сүүлийн хоёр жилд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд амь үрэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй нь Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жүниорын удирдлага дор Филиппин улсын хэвлэл мэдээллийн салбарт таатай уур амьсгал бүрдэж эхэлснийг илтгэж байна.
Сэтгүүлчдийг хамгаалах зөвлөл улс орнуудын засгийн газар, олон улсын байгууллагууд болон хэвлэл мэдээллийн агентлагуудаас хэвлэл мэдээллийн ажилтнууд амиа алдах явдлаас урьдчилан сэргийлэх, сэтгүүлчдийн үхэл ямар ч ял шийтгэлгүй өнгөрдөг явдлыг зогсоох арга хэмжээнүүд авахыг шаарджээ. Ингэхдээ сэтгүүлчдийг олон улсын хуулиар хамгаалагдсан иргэд гэж үзэн, сэтгүүлчдийн үхэлтэй холбоотой бүх хэргийг хараат бус байдлаар мөрдөн шалгах нь зүйтэй гэжээ.
Эх сурвалж: Inquirer.Net






