
2025 оны Нобелийн Энх тайвны шагналыг Венесуэлийн Төмөр хатагтай гэгддэг сөрөг хүчний улстөрч Мария Корина Мачадо хүртжээ.
Нобелийн зөвлөл 58 настай Мария Коринагийн ардчиллын төлөөх тууштай тэмцлийг үнэлж, түүнийг Латин Америкт сүүлийн жилүүдэд тодорсон иргэний эр зоригийн онцгой жишээ хэмээн тодорхойлжээ.
Мария Корина 2011-2014 онд Венесуэлийн парламентын гишүүнээр ажиллаж байсан ба 2014 онд сөрөг хүчнийхний Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг жагсаал цуглааныг удирдаж байсан түүхтэй аж. Мария Корина 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч Венесуэлийн Дээд шүүх түүнд сонгуульд нэр дэвшихийг нь 15 жилийн хугацаатай хоригложээ.
Мария Корина тэргүүтэй сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Н.Мадуро сөрөг хүчнийхнийг олноор нь барьж хорьж эхэлсэн ба үүнээс болж сөрөг хүчнээс сонгуульд нэр дэвшсэн Эдмундо Гонзалес эх орноосоо дүрвэж, Мария Корина сүүлийн нэг жил гаруй эрх баригчдаас нуугдан амьдарч байгаа аж.
Нобелийн шагнал хүртэж буйгаа мэдсэнийхээ дараа Мария Корина энэхүү шагналаа Венесуэлийн ард түмэн болон ардчиллын төлөөх тэмцлийг нь дэмжсээр ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад зориулж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: The Guardian






