
Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичиг өргөн барьж буйгаа зарлалаа.
-“Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичиг өргөн барьж буйгаа мэдээлж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танаа.
Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь огцруулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шударга ёс, ардчилсан ёс, эрх чөлөө тэгш байдал, Үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж хуульчилсныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүд бид төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор “Нүүрсний хулгай”, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй нэр холбогдсон асуудлаар бүрэн эрхээсэй түдгэлзэн шалгуулах хуулийн байгууллага хараат бусаар үйл ажиллагаагаар хангах ёс зүйн шаардлага Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн.
Гэвч та дээрх шаардлагыг хүлээж аваагүйн зэрэгцээ ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах Улсын Их Хурлын үндсэн зорилт Улсын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж төрийн үйл ажиллагааг талалдуулж байгааг эрс эсэргүүцэж байна.
Улсын Их Хурлын гишүүд бид Их Хурлын дарга таныг Монголын ард түмний сонгож байгуулсан төрийн эрх байгуулах дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй хэмээн үзэж байна.
Ийнхүү Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан таныг Улсын Их Хурлын даргын албан тушаалаас огцрох бичиг хүргүүлж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэлээ.













