
“Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна
ДЭМБ-ын санаачилгаар 1992 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон тэмдэглэн иржээ. Монгол Улсын тухайд 33 дахь жилдээ тэмдэглэж байна.
Хүн бүр бие махбодийн хувьд эрүүл байхаас гадна сэтгэл санааны хувьд ч мөн эрүүл байх нь маш чухал. Тэгвэл ЭМДҮЗ-ийн 2023 оны 8-р тогтоолын хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцдаг. Үүнд:
- Амбулаторын үзлэг, оношилгоо
- Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
- Өдрийн эмчилгээ
- Эмийн эмчилгээ багтдаг байна.

-Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр нь сэтгэцийн эрүүл мэндгүйгээр эрүүл мэнд гэж байх боломжгүй гэдгийг бидэнд сануулдаг чухал өдөр билээ. Энэ жилийн хувьд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай, онцгой байдлын үед хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэц-нийгмийн хэрэгцээг яаралтай дэмжихэд ДЭМБ-ын нөлөөллийн ажил чиглэж буйг Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлж байна.
-Байгалийн гамшиг, мөргөлдөөн, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зэрэг нь сэтгэл зүйн хямралд хүргэдэг бөгөөд таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг. Ийм хямралын үед хувь хүмүүсийн сэтгэлзүйн сайн сайхан байдлыг дэмжих нь чухал ба энэ нь амь насыг аварч, хүмүүст хямралыг даван туулах хүч чадал, эдгэрэх орон зайг өгч, зөвхөн хувь хүн төдийгүй хамт олны хувьд сэргэх боломжийг олгодог. Тийм ч учраас төрийн албан хаагчид, эрүүл мэнд, нийгмийн халамж, сургуулийн ажилтнууд, олон нийтийн бүлгүүд зэрэг хүн бүр нэгдэх нь чухал юм. Бид гар нийлэн ажилласнаар хүн бүрийн сайн сайхан байдлыг хамгаалахын зэрэгцээ хүнд нөхцөлд байгаа хүмүүст шаардлагатай дэмжлэгийг авах боломжийг олгоно.
-Нотолгоо болон олон нийтэд түшиглэсэн арга хэмжээнд хөрөнгө оруулснаар бид сэтгэцийн эрүүл мэндийн яаралтай хэрэгцээг шийдэж, урт хугацааны эдгэрэлтийг дэмжиж, амьдралаа сэргээн босгож, цэцэглэн хөгжихөд нь хүмүүс болон олон нийтийг чадавхижуулж чадна.
Энэхүү Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрөөр сэтгэцийн эрүүл мэндийг эрхэмлэдэг, хамгаалдаг, хүн бүрд хүртээмжтэй, ялангуяа хүнд хэцүү үед хүртээмжтэй дэлхийг бий болгохын төлөө хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг уриаллаа.






