
Улаанбаатар хотын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургууль зургаа байдгаас Баянзүрх дүүрэгт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р сургууль дээр очиж Өрөг.мн сайтын “Home tour” бичлэгийнхээ гурав дахь дугаарыг бэлтгэлээ.
Тус сургууль нь зөвхөн дүүргийнхээ хүүхдүүдийг авдаг бөгөөд одоогоор 535 сурагч, 120 орчим багштайгаар сургалтынхаа үйл ажиллагааг явуулж байгаа юм. Цөөн тооны хүүхэд шиг сонсогдож магадгүй ч авах ёстой сурагчдынхаа тоог хэтрүүлж, үүргээ давуулан биелүүлж байгаа юм. Гэлээ ч 12-р анги хүртэл нь сургаж, сургах сургахдаа буудлын үйлчлэгч, цэцэгчин ногоочин, бариста, тогооч гэх мэт мэргэжлүүдээр мэргэшүүлж амьдралаа авч явах өөрийн гэсэн чаддаг зүйлтэй байх үндэс суурийг нь тавьж өгч буй.
Зүгээр онолоор заах нэг өөр. Гэтэл үндсэн ангийнхаа ард нь 4 одтой зочид буудлын стандартаар тохижуулсан өрөө, дээрээ хүлэмжтэй, кино театртай, кофе шоптой гээд сурагчид шууд дадлагажаад явах боломжийг нь бүрдүүлээд өгчихсөн.
Улсын сургууль яагаад ийм байгаа билээ гэж бодтол багш нар нь тэмцээн, тэтгэлэг гэх зүйлсэд оролцож гадаад болон дотоодоос санхүүжилт аван эдгээр орчныг нь бүрдүүлж өгдөг аж.
Хамгийн сайхан зүйл нь засвар хийлгэх мөнгөө хэмнээд багш нар нь өөрсдөө нэг бүрчлэн сэтгэлээ шингээж тохижуулж байгаа явдал юм.
“Хүүхдүүдээ аюулгүй, тайван орчинд сургаж, эцэг эхчүүдийг нь мөн санаа амар ажлыг нь хийлгэдэг байхын тулд тэдний санаа бодлыг сонсож, хэрэгжүүлж нар, сарны хооронд ажиллаж байна” гэх сургуулийн захирлын үгээр энэхүү нийтлэлээ эхлүүлж байна.
Даваа гарагийн өглөөний 07:30 цаг
Сурагчид гаднаа нэг эгнээнд орон жагсаж, туг баригч хүүхдүүд цэрэг шиг алхалсаар Төрийн далбааг мандуулмагц, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, сурагч бүр зүрхэндээ гараа наан, үнэнхүү сэтгэлээсээ дуулцгаана.




55-р сургуулийн шинэхэн долоо хоног ингэж эхэлдэг аж.
Сургуулийн хаалгаар ормогц давж унаад гэмтэж бэртэхээргүй өндөр шатны хаалт, замдаа ядарвал суух сандлууд, хананы зөөлөвч гээд хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд хэрхэн анхаардаг нь илхэн.


Буудлын үйлчлэгчийн мэргэшсэн ангийн сурагч
Ингээд бид Зочид буудлын үйлчлэгчийн анги руу орлоо.
Онолын анги нь нийтдээ 10 хүүхэд багтахаар. Самбар дээр нь юуг хэрхэн яаж хийх наалддаг зургууд. Түүнийгээ эндээ хийж сайн дадал болгож байгаад гараа хоёр, гурван удаа сайтар савандаж угаасны дараагаар яг ард нь буудлын өрөө. Дөрвөн одтой зочид буудлын өрөө шиг тохижуулсан гэнэ. Дотроо хоёр ортой, ариун цэврийн өрөөтэй. Хичээлийн танхим гэхээсээ илүү яг л буудал. Багш нь нэг сурагчийнхаа сурсан зүйлийг нь бататгаж харуулбал хормын төдийд ор татаж цэмцийсэн сайхан болгож үзүүлнэ.
Энэ ангийн гол агуулга нь хүүхэд заавал буудлын үйлчлэгч болох албагүй ч эмх цэгцийг сурч, гэртээ ороо зөв хураах, юмыг зөв байранд нь тавих гэх мэт амьдралын наад захын зүйлсийг ягштал сурдаг аж.
Энэхүү ангиасаа гаран дараагийн анги руу гаа орлоо. Энэ бол цэцэрлэгч, ногоочны анги.


Цэцэрлэгч, ногоочин мэргэжлийн ангийн сурагч
Хүүхэд бүр өөрсдийн онцлогт тохирсон ажлаа хийн ажилчин зөгий шиг л завгүй зогсоцгооно. Зарим нь цэцгээ усалж байхад үлдсэн нэг нь анхааралтай гэгч нь цэцгээ арчилна. Нүүр дүүрэн инээмсэглэх эдгээр хүүхдүүд хүлэмж рүү гээ очиж помидор, салат навч, гүзээлзгэнэ хүртэл ургуулж гэр лүү гээ авч явдаг аж.
Хүүхдэд багаас нь байгаль, ургамлыг хайрлах сэтгэлийг суулгаж буй нь бахархууштай.


Бариста, нарийн боов мэргэжлийн ангийн багш Н.Одонгуа сурагчдын хамт
Дараагийн анги бол Бариста.
Анги ч гэж дээ. Бүр Coffee shop. Хамгийн сүүлийн үеийн кофены машинтай, хаана ч гологдохгүй гэнэ лээ. Одоохондоо шинэ сурагчид американо хийж чадах ч цаашлаад олон төрлийн кофег хийж сурах боломжтой. Халуун кофе хийнэ гэдэг зарим сурагчдын хувьд аюултай ч багш нь хором бүрт хажууд нь байж аюулгүй байдлыг нь хангадаг учир хүүхэд цаашдаа өөрсдөө гэртээ цайгаа чанаж уух, цаашлаад энэ чиглэлээрээ ажиллах гэх мэт олон давуу талуудыг энэ анги сургаж буй.
Яг л кофе шопын ажилтан шиг хувцаслачихсан. Нэг нь чанаад нөгөө нь чамбай гэгч нь хүргэж өгөөд л. Тэднээр хийлгэж уусан кофе, американо ууж чаддаггүй надад сэтгэл нь шингэсэн болоод ч тэр үү хэт их хайр асгарснаас болоод ч тэр үү нэлээн чихэрлэг амтагдсан шүү.
Сургуулийн коридороор алхах бүрд зөрөн өнгөрөх хүүхдүүд сониучирхан харж инээмсэглэн мэндэлж, зарим нь гар барьж эелдэг харьцсанд нь талархууштай. Багш болоод гэр бүлийнхэн нь тэднийг ингэж хүмүүжүүлжээ.
Сургуулийн захирал Ч.Ганбилэг, дунд ахлах ангийн менежер Д.Алтансүх, нийгмийн ажилтан З.Батцэцэг нар
Хүүхдүүдийг хоолондоо орж байх хооронд нь сургуулийн захиралтай хэд гурван үг сольтол хүүхдүүдийн гэнэн, итгэмтгий, зөв бурууг үл ялгах байдлыг нь ашиглаж машины толь хулгайлуулах ажил хийлгэж байсан гэх яриаг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Гэтэл энэ үнэхээр үнэн.
Хүүхдээ үл хайхарч байна гэж эцэг, эхчүүдийг нь буруутгаж магадгүй. Гэтэл хүүхдээ байнга дагаад яваад л байвал ар гэрийн санхүү нь нуран унах эрсдэлд ордог байна. Үүн дээр үндэслэн эцэг, эхчүүдийн хүсэлтээр сургууль дотроо өдөр өнжүүлэх хичээллүүлж эхэлжээ. Ингэснээр гэр бүлийн дунд үүсэх санхүү болоод санаа зовох асуудлууд нь хөнгөрч байгаа аж.
Үргэлжлүүлэн “Эмч” гэсэн бичигтэй өрөө лүү ортол гурван ортой эмнэлгийн нэг өрөө шиг. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хувьд гэнэт бие нь өвдөх үе элбэг тохиолдоно. Энэ үед түргэн дуудаж цаг алдалгүйгээр сургууль дээрээ хэвтэн эмчлүүлэх боломжийг нь бүрдүүлж өгчээ.


Тайвшруулах өрөөний багш И.Нэргүй, сэтгүүлч А.Мандухайгийн хамт
Түүнээс гадна хүүхдүүд гэнэт орилох, стрессдэх үйлдлүүд гаргадаг бөгөөд энэ үед нь тайвшруулах өрөөнд оруулж зөөлхөн аялгуунд анхаарлыг нь өөр зүйлд сатааруулж, унтах нэг нь унтаж аваад хичээлдээ орох боломжтой.


55-р сургуулийн нийгмийн ажилтан бөгөөд Кино тэнхим хариуцсан багш З.Батцэцэг
Дурдахгүй байхын аргагүй нэг танхим бол Кино театр.
Сүүлийн үеийн дуугаралт, тоног төхөөрөмжтэйгөөс гадна AR технологийг оруулж ирснээр хүний биеийн эрхтнүүд, гараг эрхсийн хөдөлгөөн, амьтдын дуугарах чимээ гэх мэт зүйлсийг алган дээр нь тавиад харуулж буй мэт заадаг байна. Энд хүүхдүүд кино үзэж, орчинд нь дассанаар гадуур кино театрт орохдоо биеэ хянах чадвар болоод театрын соёлд суралцаж нийгэмших боломж нь бүрддэг байна.
Энэ мэтчилэн дурдаад байвал энэ сургуулиас сонирхуулах зүйл дэндүү их. Хичээл, сургалтын үйл ажиллагааны тухайд хүүхдүүдтэйгээ нэг бүрчлэн тулж харьцаж, бичих, ярих чадварыг нь хөгжүүлэн эзэмшвэл зохих мэдлэгийг нь тухай бүрд нь олгоод явж буй.


Технологийн хичээлийн багш Ц.Мөнхбаяр сурагчдын хамт
Технологийн хичээл дээрээ хүүхдүүд бүтээлээ хийж багш нарынхаа тохижуулж өгсөн буланд бүтээлээ зарж, хайртай дотны хүмүүстээ бэлэглэж ажил хийвэл ам тостоно гэдэг зүйлийг анхнаасаа тэд сураад явж байна.
Ийнхүү Нийслэлийн Ерөнхий боловсролын 55-р сургуулиар аялсан нийтлэл минь өндөрлөж байна. Жаргалтай эхлэлээр эхэлсэн бол ярилцаж явсан багш нарын хэлж байсан үгээр энэхүү нийтлэлээ дуусгая.


Монголын мянга мянган үрс, аюулгүй тайван орчинд сурч хөгжих болтугай.











манай охины сургууль үнэхээр гоё тав тухтай бас багш сургуулийн ажилчид үйлчлэгч жолоочоосоо өгсүүлээд сайхан сэтгэлтэй
яг өөрийн хүүхдүүд шигээ хайрлаж хамгаалдаг захирал Ганбилэг үнэхээр мундаг шүү бүгдэд нь хайртай шүү ажлын амжилт хүсье
Амжилт хүсье🥰