
Их Британид Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD компанийн автомашины борлуулалт өнгөрсөн сард өмнөх жилийн мөн үеийнхээс 880 хувиар өсжээ.
Их Британийн Автомашин үйлдвэрлэгчид болон борлуулагчдын холбооноос гаргасан статистик мэдээгээр зөвхөн 9-р сард Их Британид BYD компанийн зөвхөн Seal U маркийн дунд оврын цахилгаан автомашинаас 11 271 ширхэг зарагджээ.
Үүнд Европын холбоо болон АНУ -тай харьцуулахад Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь Хятадын цахилгаан автомашины гаалийн импортын татварыг нэмэгдүүлээгүй нь хамгийн ихээр нөлөөлжээ.
Баруунд үйлдвэрлэсэн автомашинуудтай харьцуулахад BYD компанийн автомашинууд нь үнийн хувьд хямд бөгөөд өнгөрсөн сард хийсэн борлуулалтынхаа ачаар тус компанийн хувьцааны үнэ Их Британийн бирж дээр 3.6 хувиар өсжээ.
BYD компанийн Их Британи дахь салбарыг хариуцсан менежер Боно Жи BYD компани саяхан тус улсад 100 дахь борлуулалтын төвөө нээснийг онцолж, Их Британи дахь BYD компанийн ирээдүй асар гэгээлэг харагдаж байгааг дурджээ.
Өнгөрсөн сард Их Британид нийт 73 мянга орчим цахилгаан автомашин зарагдаж, цахилгаан автомашины борлуулалт огцом өссөн ч өнгөрсөн сард тус улсад зарагдсан нийт автомашинуудын талаас илүү хувийг бензин болон дизель түлшээр ажилладаг машинууд эзэлсэн хэвээр байна.
Эх сурвалж: BBC






