
Ойрын өдрүүдэд улс төрийн дайн ширүүхэн дэгдэж, ид дундаа өрнөж байна.
МАН-ын даргын сунгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын дунд том хагарал, өрсөлдөөнийг бий болгоод байгаа билээ. Уг хагарал ойр орчим, эргэн тойрноо хоёр тал болгоод хуваачихлаа. Ард иргэд, олон нийт ч үзэгчийн байр сууринаас улаан, хөх талаас үзэлцэж буй нь нууц биш.
УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга болоод Ерөнхий сайдыг огцруулах “Чимээгүй дайн”-д ил, далд оролцсоор байна. Угтаа бол Монгол Улсын төрийн ажил хэвийн үргэлжилж урагшлах ёстой. Цаашлаад 2026 он гарахад хэдхэн хоног үлдээд буй энэ торгон мөчид төрийн ажил хаа хаанаа цалгардаж, ирэх оны төсвийг хэлэлцэх асуудал саарал ордонд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болоод гацчихлаа.
Амьдрал үргэлжилдгээрээ үргэжилнэ. Өдөр өдрийн нар манддагаараа мандана. Гагцхүү улс төрийн ийм дайн, ард иргэд, олон нийтийн хэвийн амьдралд халгаатай. Улс орны цаашдын үйл хэрэгт модон улаатай.
Эцсийн бүлэгтээ УИХ-ын даргын суудал чухал уу? Ерөнхий сайдын сандал суудал амин чухал уу? МАН-ын доторх дайн цус үзэх үү, энхийг сахиулах уу гэдэг дээрээ тулчихаад байна.
Хэд хоногийн өмнө “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах” бичгийг УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр гаргаж, 30 гаруй гишүүн гарын үсэг зурсныг өнөөдөр /2025.10.07/ УИХ-д өргөн барьж, баасан гаригт /2025.10.09/-т хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байна.
Одоогийн байдлаар (2025.10.07)-ны өдрийн мэдээллээр 50 гаруй гишүүд Ерөнхий сайдыг огцруулах уг бичигт гарын үсгээ зурж, нэгдэж буйгаа илэрхийлээд байгаа ажээ.
64 гишүүн гарын үсгээ зурснаар Ерөнхий сайд, 65 хүний гарын үсгээр УИХ-ын даргыг огцруулна
Тайлбарлавал, Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу парламентын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор гаргаж, улмаар олонх нь буюу 65 гишүүн дэмжсэн нөхцөлд Засгийн газрыг огцруулдаг. Ингэхээр 32 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурвал уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрдэж байгаа юм. УИХ-ын гишүүн П.Сайнзориг өчигдөр /2025.10.06/-нд мэдээлэл хийх үеэрээ энэ тоо бүрдсэн гэсэн юм.
Тэгвэл нөгөө талд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх бичгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн бланк дээр үйлдэж гишүүдээр гарын үсэг зуруулж байна. Энэ бичигт 40 орчим гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ ялгаатай нь 64 гишүүн гарын үсэг зурж байж өргөн барих нөхцөл бүрдэнэ. Уг бичигт Засгийн газрын гишүүд болон Б.Энхбаярыг МАН-аас хөөснийг эсэргүүцсэн нэр бүхий гишүүд дээр нэмээд МАН, АН-ын гишүүд гарын үсгээ зуржээ.
УИХ-ын даргыг огцруулах асуудлыг УИХ-ын тухай хуулиар шийднэ. УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргыг дараах үндэслэлээр огцруулахаар заажээ.






