
Францын Ерөнхий сайд С.Лекорню сар ч бололгүй огцров
Францын Ерөнхий сайд Себастьен Лекорню албан тушаалаасаа огцорчээ. Батлан хамгаалахын сайд асан тэрээр өнгөрсөн сарын 9-нд Францын Ерөнхий сайдаар томилогдсон юм.
С.Лекорню Францын Ерөнхий сайдын албан тушаалыг 26 өдөр хашиж, Франц улсын орчин цагийн түүхэнд уг албан тушаалыг хамгийн цөөн өдөр хашсан хүн болж байна.
Өнгөрсөн ням гарагт С.Лекорню шинэ засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг танилцуулсныг сөрөг хүчнийхэн шүүмжилж, С.Лекорнюгийн засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламентад тавина хэмээн сүрдүүлсний дараа даваа гарагийн өглөө С.Лекорню Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд огцрох өргөдлөө өгчээ.
С.Лекорню өнгөрсөн 2 жилийн хугацаанд Францын Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан тав дахь хүн болж байгаа юм. Өмнөх Ерөнхий сайд Франсуа Байру нь уг албан тушаалыг 9 сар хашсан бөгөөд парламент түүний засгийн газарт итгэл үзүүлэхгүй гэж шийдсэний үндсэн дээр тэрээр албан тушаалаасаа огцорсон юм.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны нам 2024 оны 6-р сарын эхээр болсон Европын парламентын сонгуульд ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор Э.Макрон Францын парламентад эрх мэдлээ өргөжүүлэх зорилго тавин, парламентын доод танхимыг тарааж, парламентын сонгууль зарласан хэдий ч сонгуулийн үр дүн Ерөнхийлөгч Э.Макроны хүлээлтэд хүрээгүйгээс гадна Францын парламент эсрэг тэсрэг үзэл бодолтой, хоорондоо хамтарч ажиллах хүсэлгүй олон жижиг фракцуудад хуваагдсан нь улс төрийн хямралд хүргэжээ.






