
Төр түшиж яваа эрхэмүүд өнөө цагт эрх баригч намын дарга болох гэж үхэн хатан зүтгэж, нэгнээ гүтгэн, доромжлоод, дэргэдэх нэгнийг нь ч буруутан болгон айлган сүрдүүлж эрх мэдлийг гартаа авах гэж оролдож буй нь ЭМГЭНЭЛТ ЖҮЖИГ болж, эцэстээ Монголын төрөөр тоглох дөхөж байна.
ЭМГЭНЭЛТ гэхийн учир нь энэ жүжигт тоглосон нь өнөө цагийн Төрийн түшээд байгаа нь юм. Төрийн эрх барих дээд байгууллага болох УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ба гүйцэтгэх засаглал болох ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН нар буй.
Тэднийг тойрон хүрээлэгч, аялдан дагалдагч нар нь өдөрт хэд хэдээрээ гарч ирж “эзнээ өмөөрч буй ноход” шиг нэг мэдэгдэл хийв нөгөө талынх нь тайлбар, няцаалт хийж “боргох” нь өнөө эмгэнэлт жүжгийг улам өрнүүлснээр…
Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дашийн Бямбасүрэнтэй төрийн түшээ, түшмэл хүн гэж хэн байх, эрх ашгийн талаарх ойлголт, Монгол төрийн талаар 2019 онд ийн ярилцаж байснаа дахин сэргээн нийтэллээ.
Монголчууд төрт ёсны олон жилийн түүхэн уламжлалтай улс. Энэ уламжлал өнөө цагт хэрхэн хадгалагдсан байдаг вэ?
– Монгол улс Дорнын орны хувьд парламент нь өвөрмөц зохион байгуулалттай. Дорнын төрт ёс нь:
– Хууль тогтоох,
– Гүйцэтгэх,
– Шүүх засаглал,
– Түшмэдийн засаглал,
– Хяналтын гэсэн 5 засаглалтай байдаг.
Энэ бол Чингис хааны төрийн зарчим. Харамсалтай нь манай улс 300 гаруй жил гаднын нөлөөнд явсан учраас тэдний терт ёсны ном, хэл соёл нэвтэрсэн учир өөрийн төрт ёсны уламжлалаас холдсон. Дорнын төрт ёс нь 3000 жилийн түүхтэй бөгөөд Хаан, Сайд, Түшмэд хүн ямар байх ёстойг стандартжуулсан юм.
Төр бол НИЙГМИЙН ТАРХИ юм
Тэгвэл төрийг түшилцэх түшмэд хүн нь ямар байх ёстой вэ?
– Төр бол нийгмийнхээ тархи нь юм. Нийгэм гэдэг бол тодорхой нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа хүмүүсийн хамтлаг. Энэ хамтлагийг нэгтгэж, нэгэн зохион байгуулалт дор хооронд нь зохицуулдаг, амьдралынхаа ирээдүйг харж чаддаг, орчиндоо итгэлтэй байх үндэс юм.
Ингэж зохион байгуулах уураг тархи нь тер юм. Төр нь ухаалаг, зев бодлоготой, хүчтэй байж гэмээнэ нийгмийн амьдрал цэгцэрч, хөгжин дэвших боломжтой. Тер самуураад эхэлбэл нийгэм нь аяндаа задардаг. Тиймээс төрийн түшээ, түшмэд гэдэг нь терийн гол тулгуур юм.
Төр бол 2 зүйл дээр тогтоно. Төрийн хууль, хуулийг барьж буй Түшмэд юм. Төрийн түшээ хүн нийгмээ ойлгодог, итгэл хүлээсэн, нийгмээ зохион байгуулах чадвартай хүн байх ёстой. Төрийн түшмэдийг олж сонгож, хүмүүжүүлж, төлөвшүүлнэ гэдэг бол төрийн маш том чухал үүрэг. Үүнийгээ л орхивол хөлгүй хүн, үндэсгүй бод шиг унана.
Монгол төрийн түшээ нь “төрийн хар хүн” гэгдэж ирсэн. Өнөө цагт үүнийг хэрхэн тодорхойлж ойлгох ёстой вэ?
– 3000 жилийн тэртээ төрт ёсны анхны их судар Махабхаратад Хаан хүнийг хэлэхдээ:
“Харц ардаа хүүгийн адил хайрлан энэрч асрах нь Хаан хүний дээдийн ес Энэ ёсыг гүйцээхийн тулд Эрхэт тэнгэртээ шүтэн биширч,
Төгс үнэнийг шажин болгож, Төрийн санг дүүрэн байлгаж, Түмэн олонтойгоо шударгаар харьцахад Төрийн тэргүүн өөрийгөө зориулна” хэмээсэн байдаг.
Монголын төрт ёсны сургаал дээр ч Хаан хүний 35 эрдэм, Түшмэлийн 9 эрдэм гэсэн тодорхой шаардлага тогтоосон байдаг. Төрийн түшээ байна гэдэг бол тодорхой шаардлага, шалгуурт тэнцсэн хүн ажиллахаас биш зүгээр гудамжинд явж байсан хүн төрд орж ирээд наймаа хийнэ гээд давхиад ирж болохгуй юм.
Өнөө цагт Монгол төрийн түшээ гэж ямар албанд ажиллаж байгаа хүнийг хэлэх вэ?
– Төрд ажиллаж байгаа хэн ч бай төрийн үүргийг хэрэгжүүлж, төр, иргэнийг холбож байгаа төрийн хүн, төрийн хар хүн юм. Төрийн хар хүн гэхийн учир нь бол хуучин цагт терийн хар хүн, шар хүн гэж 2 ангилдаг байсан.
Төрийн шар хүн нь ном судар, шашин, тарнийн ёс талыг баримтлан явдаг. Төрийн хар хүн гэдэг бол төрийн хуулиа баримтлан явдгаараа ялгаатай байсан. Төр нь энэ хүн дээр тушиж босно гэсэн үг.
Харин өнөөдөр Үндсэн хуулиар УИХ-д сонгогдсон хүмүүс бол ард тумний элч юм. Ард түмний хүсэл зоригийг Их хурлын индэр дээрээс төрийн дээд түвшинд илэрхийлж байгаа хүмүүсийг бид УИХ-ын гишүүд гэж хэлж байгаа юм.
Мэдлэг чадвартай хүмүүсийг төрд гаргах юм бол төрийн ажил чанд болж, цэгцрээд явна
Монгол төрийн түшээ хүнийг нийгэм бэлтгэдэг үү? Улс төрийн нам тодруулдаг уу?
– Улс төрийн нам гэдэг бол төрийн эрх мэдлийг авч, бодлогоо хэрэгжүүлнэ гэдэг үүднээс боловсон хүчнээ бэлтгэх үүрэгтэй. Бэлтгэлгүй хүнийг төрийн өндөр албанд томилбол унадаг дугуй унаж сураагүй хүнээр онгоц жолоодуулахтай адил. Ийм зүйлийг бид маш олон удаа үзсэн.
Нөгөө талдаа төрийн алба бол зөвхөн хүн сонгогддог, намуудыг төлөөлдөг алба биш. Төрийн алба гэдэг бол төрийн бодлогын уламжлалыг хадгалан, төр, нийгэмдээ зайлшгүй гүйцэтгэх ёстой жам есны үүрэг гүйцэтгэдэг. Төр албандаа авах хүнээ мэдлэг, чадварыг нь дээд хэмжээнд хүргэн бэлтгэж чаддаг байх ёстой.
Төрийн түшээ хүн ямар шинжүүдийг бүрдүүлсэн байх ёстой вэ?
– Төрийн түшээ хүнийг адаглаад 3 шалгуураар шалгадаг байх естой
– Чи мэдэх үү? Эрдэм, мэдлэг боловсролтой юу?
– Чи чадах уу? Сайхан ярьж байгаа ч амьдрал дээр хийж чаддаггүй хүн их бий.
– Чи үүнийг хийж чадах нэр төртэй юу? Ноён нуруу байна уу?
Мэддэг, чаддаг хэрнэ хулгайч байвал хэрэггүй шүү дээ. Олон түмэнд нэр хүнд муутай байвал болохгүй юм.
Энэтхэгийн алдарт судар Махабхаратад төрийн сайдыг томьёолохдоо:
“Харах нүдэнд дулаахан, хэл яриа нь таатай” гэсэн байх бөгөөд эндээс л төрийн сайд, түшээ хүний шалгуур эхлэх ёстой. Мэдлэг чадвартай хүмүүсийг төрд гаргах юм бол төрийн ажил чанд болж, цэгцрээд явна.
Нийгэм, эх орныхоо төлөө тустай зүйл хийхийг хүсэж байгаа бол үүнийг дарах хэрэггүй. Харин шунал гэж нэг юм бий. Дэлхийн 5 том шашинд шунал бол бүх нүглийн эх үүсвэр гэж үздэг.
Төрд орж ирж байгаа хүнд шуналын өвчин халдварласан л бол хоолонд жоом орсон гэсэн үг. Ийм хүнийг авах хэрэггүй, хаях хэрэгтэй.
Улс төрд залуу үе хэрэгтэй болсон. Залуучууд хүч түрэн орж ирвэл төрийн шинэчлэл эхэлнэ гэж ярих болжээ. Таны бодлоор улс төрд цус сэлбэлт, залуу үе хэрэгтэй болсон уу?
– Залуу үе хэрэгтэй болсон гэж туйлшрах хэрэггүй. Төр мэддэг, терт есны өндөр хүмүүжил боловсролтой ахмад үе өнөөдөр ус, агаар мэт хэрэгтэй байна. Англи хэлээр хагас дутуу ярьдаг, баруунд очоод курс төгсөөд ирсэн нөхдүүд бол барууны номлолоор л Монголоо харж, яриад байна.
Гэхдээ залуучуудаа дэмжиж гаргана гэдэг бол мэдлэгтэй, чадвартай, чин сэтгэлээсээ төрд зүтгэх тэр хүмүүсийг олж дэвшүүлэх тухай асуудал юм. Төрийг босгоход ухаан хэрэгтэй. Тэр ухааныг туршлагаар л олж авна.






