
Өвлийн Олимп 2026 онд Европ тивд эргэн ирж буй
Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотуудад XXV Өвлийн Олимпын наадмыг 2026 оны 2 дугаар сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна. “Милано-Кортина 2026” нэрээр нэрлэгдсэн энэхүү наадамд 93 орны 3,500 тамирчин оролцож, 16 төрлийн спортоор 116 медалийн төлөө шилдгүүд медалийн тавцанд зогсоно.
Монголын баг тамирчид:
Өвлийн XXV Олимпын наадамд Монгол улс Гүйлтийн цанын төрлөөр 2 тамирчин оролцох эрх аваад байна.
Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаа Сан сиро цэнгэлдэхэд болох бөгөөд хаалт нь Верона Аренад зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тасалбарын мэдээлэл
2026 оны Милан-Кортина өвлийн Олимпийн тасалбарын үнийг зарласан бөгөөд эхний хоккейн тоглолтуудын тасалбар 30 еврогоос ($33) эхэлж, Веронагийн түүхэн Арена дахь хаалтын ёслолын дээд зэрэглэлийн суудал нь ойролцоогоор 3,000 евро ($3,300)-гийн хооронд хэлбэлзэж байна.
Монголчууд өвлийн олимпийн наадамд оролцсон түүх
Хамгийн анх Монгол Улсын баг тамирчид Австр улсын Инсбрук хотноо болсон өвлийн олимпийн наадамд хөл тавьж байв.
Энэ наадамд гүйлтийн цанаар Б.Дамдинжав, Б.Дашгай, Д.Баадай, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Б.Зундуй, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов, биатлоны төрлөөр Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан, гүйлтийн тэшүүрээр Л.Цэнд, Л.Дашням, Ц.Лхамжав нар оролцсон нь олимпын наадамд анх удаа хурд, хүчээ сорьсон монгол тамирчид болж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Монгол улс ийнхүү “Инсбрук-1964” өвлийн IX олимпын наадамд тэшүүрийн спортын төрөлд гурав, цанын спортын төрөлд 11 тамирчнаа илгээсэн нь өвлийн олимпын наадмын түүхэнд хамгийн олон Монгол тамирчин оролцсон тохиолдол юм. Тус наадамд Монголын багийн тугчаар Л.Цэнд /өдгөө гавьяат тамирчин/ оролцсон бол тэшүүрийн спортын төрөлд Ц.Лхамжав /гавьяат тамирчин/ Монголын өвлийн спортын түүхэнд тэшүүрийн төрлөөр оролцсон цорын ганц эмэгтэй тамирчин. Мөн биатлоны төрөлд өрсөлдсөн Б.Дамдинжав 14 орны 51 тамирчнаас 38 дугаар байрт орсон нь Монголын өвлийн олимпын наадмын түүхэнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт болж үлдсэн билээ.
Мөн Монголчууд үүнээс хойш тасралтгүй өвлийн олимпын наадамд оролцож байв.
- “Гренобыль-1968”,
- “Саппоро-1972”,
- “Лейк-Плэсид-1980”,
- “Сараево-1984”,
- “Калгари-1988”,
- “Альбервилль-1992”,
- “Лиллехамер-1994”,
- “Нагано-1998”,
- “Солт-Лейк-2002”,
- “Турин-2006”,
- “Ванкувер-2010”,
- “Сочи-2014”,
- “Пёнчан-2018”
- “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд тус тус баг тамирчдаа илгээж байлаа.






