
Улс төр халсан намар. Төсөв хэлэлцэх, Оюу толгойн зээлийн хүүг бууруулах гээд хоолойд тулсан улс орны ажил их байхад МАН-ын даргын сандал ширээний төлөөх зодоон эд өрнөөд төрийн ордон “эзгүй”. Чуулган, байнгын хороод нь хуралдаж байгаа ч юм алга. Төрийн ордонд баруун, зүүн жигүүрээр хуваагдан сэм уулзаж, тал талаас гарч ирж мэдэгдэл хийсэн шиг ээ. Хэн нь хэн рүү налж байгааг ард түмэн ажиглаж л сууна.
Бямба гарагт намын даргад үзээд өвдөг шороодсон Г.Занданшатар мягмар гарагт гарч ирж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарыг Б.Энхбаяраар сольж буйгаа зарласан юм. Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуульд заагдсан бүрэн эрхээ эдэлж буй ч Л.Мөнхбаатар сайдад өөрт нь урьдаар мэдэгдсэн үү, эс мэдэгдсэн үү гэдэг нь анхаарал татна. Ийн мэдэгдсэнийх нь маргааш буюу лхагва гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Л.Мөнхбаатар сайд суусангүй. Пүрэв гарагийн чуулганд 09:15 минутанд ирцээ бүртгүүлсэн гэж parliament.mn дээр оржээ. Гэвчиг пүрэв гарагт төрийн ордонд түүнийг хэн ч “харсангүй”. Эсвээс үл үзэгдэгчийн малгай өмсөөд ордон дотуур яваад байсан ч юм уу… Өрөөнийх нь гэрэл асаалттай, хаалга нь түгжээтэй. Баасан гарагт бүр өрөөг нь хэд, хэд очиж эргэлээ. Харанхуй л… Яамныхаа байран дээр ажилтай байв уу эсвээс Г.Занданшатарт гомдсон уу, бүү мэд. Ямартай ч өөрийг нь Б.Энхбаяраар солих гэж буйг тэрбээр мэдээгүй юм шиг аг чиг. Дор тайлбарлах гурван гаргалгааны алин болбоос ч Л.Мөнхбаатар Г.Занданшатарт “гомдсон” л байж таараа.
Л.Мөнхбаатар өөрөө чөлөөлөгдье, огцоръё гэсэн үү гэж үү?
Хуулийн хүрээнд тайлбарлаж өгөхөд ийм байна.
НЭГ. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т “Засгийн газрын гишүүн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно” хэмээн заасан байдаг.
ХОЁР. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т “Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно” хэмээсэн байна.
¶ Тэгэхээр эндээс гурван гаргалгаа харагдаж байгаа биз.
Эхнийх нь Л.Мөнхбаатар өөрөө болъё гэж шийдээд Г.Занданшатарт хүсэлтээ өгсөн үү?
Хоёр дахь нь Ерөнхий сайдтай санал зөрөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзээд огцрох хүсэлтээ өөрөө өгсөн үү?
Эсвээс Г.Занданшатар “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэсэн Үндсэн хуулийн 39.4 дэх бүрэн эрхээ эдэлсэн үү. Энэ гурвын л нэг. Гэхдээ одоогоор өрнөөд буй процесс, Л.Мөнхбаатарын аг чиг байгаа байдал зэрэг нь гурав дахь гаргалгааг зөвтгөж буй. Намын даргад Д.Амарбаясгаланг бүртгүүлэхгүй байж, 11 сарын 15-нд болох намынхаа Их хурлаар намын даргын асуудлыг дахин хэлэлцэх гэж АН-ынхныг хүртэл оролцуулан барин Г.Занданшатар бүх л хөзрөө ашиглаж байгаа. Энэ нь тэнэг хүнд ч уншигдахаар илхэн.
За, одоо ямартай ч ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо Ерөнхийлөгчид ороод танилцуулчихсан. Тэд энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд Б.Энхбаяр тангараг өргүүлчихнэ гэсэн горьдлоготой л байгаа. УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх асуудалд оруулах эсэхийг нь Д.Амарбаясгалан “шийднэ” гээд бод. Гэхдээ ганцаараа биш олуулаа шийднэ л дээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гэж чуулганаар хэлэлцэх асуудлыг шийддэг хүмүүс бий. Нам намын төлөөлөл дотор нь бий. Ёстой юу ч болж мэдэхээр долоо хоног ийн эхэллээ.






